“Хонхот хүүхэлдэй” гэж нэг хөөрхөн дуу байдаг даа. Энэ дууг бага дүү минь “Миний дуу” гэж өмчилчихөөд гурван настай байхдаа дандаа л дуулдаг байсан юм. Хоёр гараа гадагш тэнийлгэн бариад, толгойгоо гилжийлгэчихээд “Хонхот хүүхэлдэй дуугаа дуулаад, Хоёр тийшээ найган ганхана аа” гээд дондогмаа шиг хөдлөн дуулахыг нь сонссон хүмүүс өхөөрдөн эрхлүүлж, мөн ч их шагнадаг байсан даа.
Дурсамж тэрлэн, нэхэн санах гэж буй хүн маань Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг. Азийн шилдэг бүтээлээр шалгарч, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн “Илдэн уулсын цуурай” ораторийг бичсэн агуу зохиолч аль эрт багачууддаа зориулж “Хонхот хүүхэлдэй”-г зохиосон юм билээ.
Амьдарсан цаг хугацаа нь даанч чамлагдахаар хэрнээ бүтээсэн нь алдрай бяцхан үрсээс азай буурал хүртэл, Монголын тайзнаас дэлхийд цуурайлсан гэхээр эзнээ ховорхон нэгэн байсныг нь тодруулна. Дунд сургууль төгсөхдөө “Ардын сургуулийн алтан босгыг Алхаж орсон анхны өдрөөс Арвин эрдмийн шимийг хүртээд Арван жилийг ардаа орхилоо...” гэж дуулан ангийн нөхдөөсөө салж ядан, хөнгөн гуниг тээн хөтлөлцөн зогсож байсан маань тодхон санагдана.
Эгэлхэн нэгний амьдралын дурсамж бүрийг хөглөх, намуун, уянгалаг аялгуу бүтээгээд одсон хөгжмийн зохиолч тэр байжээ. Ц.Чинзориг агсны туурвисан 60 дууны эмхтгэл хоёр дахиа хэвлэгдэн саяхан уншигчдын хүртээл болсон.
Өвөр эгнээнд зүүн гар талаас Халтарын Билэгжаргал, багш Б.Д.Гибалин (1911- 1982), Шагдарсүрэнгийн Бадарч (ХБК-ийн Онолын тэнхимийн багш), арын эгнээнд зүүн гар талаас Бямбасүрэнгийн Шарав, ЦэдэнИшийн Чинзориг, Вадим Юшин.
“Уйлж дуулах хорвоо” номын хуудсыг эргүүлэх бүртээ, хэн хэзээ хэрхэн дуулж байсан нь тодхон санагдах амьд бүтээлүүдтэй таарлаа. Ноот мэдэхгүй ч аялгуу нь чихэнд сонсогдож, үг нь толгойд орж ирнэ.
“Дууны хорвоо”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Ус мөрөн олон чиг”, “Сэлүүн дэнжийн яргуй”, “Нутаг” гээд 200 гаруй дуу, найрал дуу, найрал болон цөөхүүл хөгжим, тайз, дэлгэцийн 400 гаруй бүтээл туурвисан Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож сургуульд сурч байхдаа үлээвэр хөгжмийн хамтлагийн хөгжимчин болж, олон ч тоглолтод оролцсон байна.
Аав нь хүүгээ бага байхад л урлагийн хүн болохыг нь зөгнөсөн юм уу, бригадад нь хуваарилагдсан хоёр гармоний нэгийг авч, “Миний хүү энүүгээр хоолоо олж идэх юм” гэж хэлж байсныг Ц.Чинзориг агсны ээж Д.Намжилсүрэн дурсан ярьсан нь бий.
Сургуульд байхдаа өглөө эрт сэрчихээд яндан тогшоод зогсчихдог байсныг нь эгч, ах нь ярьсан удаатай. Ер нь л эртэч хүн байсныг уран бүтээл хамтран хийж явсан нөхөд нь “Уйлж дуулах хорвоо” номонд дурсамж бичихдээ тодруулжээ.
Шөнө дунд утас цохин сэрээж, шинээр бичсэн аялгуугаа сонсгон хөөрцөглөж, хамт ярилцах бүртээ хөнгөн хошигнолоор нөхдөө баясгадаг байсныг нь бараг хүн бүхэн үгүйлэн дурсана. Хорвоод үгүй ч, хоосон орон зай нь нэхэн дурсагдах ийм нэгэн уран бүтээлч өөрийнхөө эзгүйг дуугаараа нөхчихөөд одчихсон гэмээр санагдана.
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Бүтээлч хүнд төгсгөл үгүй. Яагаад гэвэл тэр хүнтэй цуг үргэлжилдэг юм” хэмээн хэлсэн нь юутай оночтой. Амнаас ам дамжин түгэж, аялгуу нь зүрх сэтгэлтэй цуг урсана.
1971 Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн элсэлтийн шалгалтад Булган аймгаас Цэдэн-Ишийн Чинзориг хэмээх нэгэн хүү ирж Г.Жүгдэрийн “Дөлгөөн Хэрлэн” гэдэг дууг дуулж, Н.Жанцанноров багшийнхаа сэтгэлийг ёстой л “бөмбөрүүлсэн” гэдэг.
Н.Жанцанноров багштайгаа 1971 онд.
Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров саяхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо шавиа дурсаж, өөрийнх нь “Урангоо” дууг маягтай сайхан дуулснаар (Н.Ж), гавьяат жүжигчин Д.Банзрагч энэ дууг тоож, дуулж болох уу гэж асуун, олны танил болоогүй түүнийг алдаршуулах эхлэл болсон хэмээн сэтгэл хөдлөлөө барьж ядан ярихыг олон үзэгч сонссон байх.
ЗСБНХУ-ын Уралын хөгжмийн их сургуульд нэгэн үед хамт суралцах азтай төрсөн БНМАУын дөрвөн оюутан байв. Тэд сургуульдаа маш амжилттай суралцаж төгсөөд хөгжмийн яруу эгшгээр хорвоог бүхэлд нь уярааж, төрдөө үнэлүүлж, ард түмэндээ хүндлэгдсэн хөгжмийн зохиолчид болсон юм.
Тэр дундаа Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Б.Шарав гурав салшгүй сайн андууд байсан гэдэг. Бас олонтойгоо эвтэй явдаг энэ зохиолчид түүнээс ч олон анд байсан л байх. Өмнө нь нэг удаа Б.Шарав гуайтай уулзаад найзуудынх нь тухай асууж сониучирхахад “Миний найзуудыг бурхан дуудаад явчихсан болохоор би хэний тухай ярих вэ дээ” гэж хариулсан.
Бие биеийнхээ сэтгэлд нөхөж болохгүй орон зай эзэлж, тулгын гурвын чулуу шиг нөхөд тэд байсан буюу. Найзууддаа хүүрнэсэн олон дурсамжаас нь түүнийг ганцаардаж, гансарч, бас заримдаа хөнгөн инээдээр гунигаа нууж, цогтой амьдарсныг мэдэж болно. Бүдгэрч мартагдахгүй түүхийг дуунууд нь үлдээж, бүр тод амьдарсныг нь түүний дөрвөн охин гэрчилнэ.
Ч.Чинзориг агсны гэргий Д.Ганмягмар өдгөө ханийнхаа уран бүтээлийг эргэн сануулж, дууны эмхтгэл номыг нь хэвлүүлж, үргэлжлүүлэн яваа билээ. Хожуу учирч, богинохон хугацаанд аз жаргалтай амьдрал цогцлоосон тэд хоёр байгаа юм.
Удахгүй буюу ирэх сарын 11-13-нд төрсөн нутаг Булган аймагт нь түүний нэрэмжит “Дууны хорвоо-2” уралдаан болох юм билээ. Энгийн ард түмэн, залуу дуучдаа өрсөлдүүлж, сэтгэлд мөнхөрсөн дуунуудыг эгшиглүүлэх энэ уралдаанд 18-40 насныхан оролцоно. Хамгийн сайхан нь, энэ хүний урласан аялгуу эвлэгхэн бөгөөд ямар ч хоолойтой хүн дуулахад нийцтэй байдаг юм.
Мэргэжлийн хүн л дуулахгүй бол болохооргүй хоолой шаардсан дуу нэг ч үгүй. Тиймдээ ч ард түмэндээ ойр дотночлогдож, үргэлж дуулагдсан болов уу. Монгол Улсын Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нь 1955 оны гуравдугаар сарын 8-нд Булган аймгийн Могод сумын нутаг Дэрстийн гүвээнд дуугаа хадаан мэндэлжээ.
Ээж, аавын амин эрдэнэ болсон энэ хүүг хорвоод үлдээхийн тулд төрөнгүүт нь тогоонд хөмрөн авч домносон гэдэг. Хоёр ч хүүхэд нь эндсэн айл байсан болохоор ийн ёсолсон аж. Хүүг эх барьсан Хишигт эгч нь түүнд Төмөртогоо гэдэг нэр хайрласан ч сургуульд байхдаа нэрээ солиулж, ангийнхаа хүүхдүүдийн санал болгосноор Чинзориг хэмээн дуудуулах болсон байна.
Ойр дотно найз нөхөд, уран бүтээлийн андууд болон гэргий нь энэ эрхэм хүмүүнийг Чинжиг хэмээн дотночлон дууддаг. Багаасаа дуу, хуурт дурлаж, сургуульд ороогүй байхдаа л сум дамжин концертод дуулж, шагнуулж явсан дурсамж түүнийх.
Сургуульд байхдаа ангийнхнаа уриалан урлагийн үзлэгт оролцдог, дандаа л түрүүлнэ гэж ярьдаг адтай хүү байсныг багш нь дурссан. Ц.Чинзориг Булганд найман жилийн ихэр охинтой. Харамсалтай нь хань нь охидоо мэндлэхээс хэдхэн хоногийн өмнө хорвоог орхиж, “Намрын дурсамж” дуугаар танилцсан түүхээ мөнхрүүлэн одсон юм билээ.
Гэсэн ч гутрал гуниг, шаналал бүхнээ даван гарч, гэрэл гэгээ өөд тэмүүлэн хань минь “Бурхныг баясган яваа” хэмээн ярих энэ бүсгүй Ц.Чинзориг агсантай хамт үргэлж дурсагдах учиртай. Танихгүй нэгэнд ч дуугаараа дотночлогдох энэ хүмүүний талаарх дурсамжийн буухиа дараа дараагийн арван жилд ч цуурайлсаар л байх болно.
Харин яг миний охин, хүү хоёр шиг бяцхан жаалууд “Туулай хаана унтдаг вэ” дуугаар агуу хөгжмийн зохиолчийн бүтээлтэй танилцаж, “Учран золгохын ерөөлөөр” сургуулийнхаа ширээнээс өндийж, “Уйлж дуулах хорвоо”-г таньж, “Намрын дурсамж”-ийг аялсаар нэгэн насыг элээх биз. Эзэн нь үгүй ч дуу нь мөнхөрнө. Энэ хорвоод түүнийг сануулан оршино.
Ж.СОЛОНГО