Одоогоос таван жилийн өмнө МУИС-ийн урлаг судлалын ангийнхан “Анима” сургуулийнхныг урьж, өдөрлөг зохион байгуулсан юм. Тус сургуулийн оюутнуудын бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, урт үстэй залуус индиан бүжиг, айкидо бие хамгаалах урлагийн үзүүлбэр толилуулсан.
Тэднийг ахалсан өндөр, урт үстэй залууг харсан оюутнууд “Царай муутай охиноос ч хөөрхөн юм. “Эхнэрийн урхи” олон ангит киноны Шин Эритэй адилхан юм гээч” хэмээн ам булаалдаж, зарим нь бүр хойноос нь өдөж байв.
Хожим “Плэй тайм” наадамд индиан хувцастай явж байхдаа ч онцгойрч харагдсан, ерөөсөө л бусдаас нэг л өөр түүний дотоод ертөнц ч өвөрмөц байх даа гэсэн бодол тэр үед эрхгүй төрсөн юм.
Эчнээ танил маань уржигдар Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Ялгалгүй итгэл” анхны ганцаарчилсан үзэсгэлэнгээ дэлгэснээр түүнийг жаахан ч гэсэн уудлах боломж тохиов. Зураач Ө.Бархүүтэй ярилцлаа.
-Хэзээнээс зураач болох зөн төрсөн бэ?
-Ухаан орсон цагаасаа л баримлын шавраар төрөл бүрийн зүйл хийж хөргөгчинд хөлдөөдөг байлаа. Би анх Хүүхдийн урлан бүтээх төвд суралдцаг байсан юм. Багш бидэнд тийм ч ихийг заалгүй, зоргоор нь зуруулна.
МХО-ы сурагчид нэг бүтээлийг сар шахам зурдаг, тэнд ихийг заадаг тухай танилаасаа сонсоод сурах хүсэл төрсөн. Азаар уг сургуулийн зургийн багш манай хойд гудамжинд амьдардаг, ахын танил байж таарсан. Ах миний талаар түүнд ярихад “Зургийг нь үзье” гэж л дээ.
Би ч хөөрцөглөсөн амьтан түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээгээд, маргааш нь бүх зургаа үзүүлтэл “Чи манайд хэрэггүй” гэж байх юм. Урам хугарч “Яагаад” гэхэд “Чи илүү мэргэжлийн сургуульд орох хэрэгтэй. “Анима”-д элс. МХО-д чамд сураад байх юм алга, ижил түвшнийх байна” гэсэн.
“Анима” руу надтай хамт явчихаар ахмад хүн олдохгүй, арга ядахдаа хөршийн эгчийг гуйж, дагуулж явсан. Сургуулийн хаалгаар ороход дандаа л байгаль зурдаг над шиг хүний мэдэхгүй, тэс өөр сэтгэлгээний зургууд угтаж, өөр ертөнцөд очих шиг л болсон.
Шав шар үстэй эмэгтэй тослоо. “За, яаж энэ орос хүнтэй ярина даа” гэтэл монгол эмэгтэй байсан нь Булган багш. Аль мэргэжлийн ангид орох хүсэлтэй байгаа тухай надаас асуухад нь яагаад ч юм бэ “Та алинд нь хичээл заадаг вэ, тэр ангид л оръё” гэсэн. Түүнээс хойш 12 жил өнгөрчээ.
Багш миний бүхий л жаргал зовлонг мэднэ. Цаанаасаа л бурхан миний явах зөв замыг заагаад өгсөн гэж боддог. Булгаа багш байгаагүй бол үргэлжлүүлэн зурах байсан, эсэхээ ч мэдэхгүй юм. Төгсөхдөө би дипломоо аваагүй, дахиж сурмаар санагдаад албаар улирсан.
Нэг төгсөлтийнхөн дипломаа хамгаалж байхад би зургаа зураад л сууж байсан. Багш “Чи харамсахгүй байна уу” гээд л зураачийн амьдралын хүнд хэцүүг тоочсон. Би огтхон ч эргэлзэлгүй “Үгүй” гэсэн юм. Одоо бодох нь ээ, намайг сорьсон байх.
Түүний ачаар би амжилтад хүрнэ гэж боддог. 2007 оноос багшид тусалж, дугуйлангийн хүүхдүүдэд зарим зүйл зааж байгаад 2011 оноос багшилж байна.
-Багш хүн шавь нараасаа юу сурдаг вэ?
-Хүүхэд буруу зурахад би алдааг нь ажиглаж, давхар суралцдаг. Олонх зураач натюрморт анх сурч байснаа мартдаг бол би багшлахын зэрэгцээ хичээлээ давтдаг гэсэн үг.
-Хөгжлийн бэрхшээлтэй болон төлбөрөө төлөх боломжгүй авьяаслаг хүүхдүүдэд танай сургууль хөнгөлөлт үзүүлж, заримыг нь үнэгүй сургадаг тухай дуулсан. Дүрслэх урлагийн, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн багш ямар байх ёстой вэ?
-Их сургуулиудын багш нар номноос лекц уншдагаас энэ тэс өөр. Тэр чигээрээ л мэдрэмж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зурдаг зүйл нь эрүүл оюутнуудынхаас өөр. Энэ нийгмийн бохирдлыг, өөрсдийнхөө хэрхэн хавчигдаж буйг тэд илүү дүрсэлдэг.
“Чи ийм зураг битгий зур” гэхгүй, бухимдлыг нь гаргуулаад, техник талаас нь зөвлөдөг. Тэр байтугай манай сургуулийн оюутнууд ээж, аавдаа ярьдаггүй хувийн амьдрал, нууцаа хүртэл Булган багшид хэлж, зөвлөгөө авдаг.
Дугуй хулгайлаад гар нь татсан хүүхэд хүртэл байсан. Би дагуулж яваад хулгайлсныг нь байранд нь тавиулахад гар нь зүгээр болсон. Багш хүн бусдын зовлонд дөрөөлөлгүй, хэцүү үед нь ч хамт байх хэрэгтэй. Олон гавьяа шагнал авснаараа мундаг багш болохгүй.
Хүндтэй одон зүүчихээд л хүүхдүүдийг “Ийм, тийм хувцас өмслөө, үсээ задгай тавилаа. Нүүрээ будлаа” гээд загнаад байвал хүний эрх, хувийн ертөнцөд нь халдаж байгаа хэрэг. Багш хүн тэдний тархийг мэдлэгээр дүүргэх л үүрэгтэй.
-“Ялгалгүй итгэл” үзэсгэлэндээ тавьсан бүтээлүүд дунд Оросын дээхнэ үеийн модон сандлыг олонтаа дүрсэлжээ.
-Миний урлангийн сандал. Тийм гоё биш ч гэсэн би хайртай, хамаагүй суудаггүй юм. Нэг өдөр зурах гэтэл санаа орж ирэхгүй бодож суулаа. Би бүх юманд хөглөгдөж амьдардаг л даа. Тэгээд сандлаа шууд ширээн дээр тавиад зурж эхэлсэн.
Алимнууд бороо шиг дээрээс нь асгарч буйгаар. Гэхдээ нэг л алимыг тавцан дээр нь дүрсэлсэн. Энэ бол миний боддог хүн, хувийн амьдрал.
-Тэгэхээр бусад зургандаа ч гэсэн өөрийгөө сандлаараа төлөөлүүлдэг үү?
-Дээхнэ үед л тэгж зурж байлаа. Таван жилийн өмнөх зургаа одоо харахаар би юу зурсан юм бол доо гэж хөндлөнгийн хүний нүдээр хардаг. Тэр сандалтай зурагнууд надаас тасраад, бие даан амьдрах чадвартай болсон гэж ойлгож болно.
-Эх үрсийг хүйн холбоотой гэдэг. Зураач, бүтээлийн хүйн холбооны тухай юу хэлэх вэ?
-Зургууд зовлонгоос үүдэлтэй хөлс, мах, цуснаас минь бүтдэг. Надаас гадагшилснаараа би тайвширч, баярладаг.
-Зургийнхаа хувь заяанд хэр анхаардаг вэ?
-Миний агуулахад 200 гаруй зураг байна. Зарагдаагүй гээд сэтгэлээр унадаггүй. Өчнөөн өндөр үнээр авъя гэхэд өгмөөргүй, харамладаг бүтээл ч байна. Би тийм л өвчтэй.
Урт цагааны ойролцоох байрнуудын дундуур явж байхдаа миний зургийг нэг айл тагтан дээрээ буруу харуулаад тавьчихсан байхыг санамсаргүй харсан. Тухайн айлд хэрэггүй байж болно л доо. Буцааж авах бодолтой байгаа.
-Зураач нар хөдөө, гадаад явах зэргээр олон төрлөөр судалгаа хийж уран бүтээлээ туурвидаг юм билээ. Та зургийнхаа санааг хэрхэн олдог вэ?
-Амьдрал, харж буй бүхэн миний судалгаа. Цасан ширхэг харахад адилхан хэрнээ давтагдашгүй байдагтай хүн ижил. Би бусад зураачийн үзэсгэлэн үздэггүй. Багш “Бусдын зураг өөрийн санааг сатааруулдаг. Зөвхөн бясалгаснаа зурж бай” гэдэг юм.
-Танд ямар нэгэн хүлээс бий юү?
-Гадуур олон цагаар явах дургүй. Амьдралынхаа ихэнх цагийг урландаа өнгөрүүлдэг. Гадуур явбал цагаа дэмий үрээд байх шиг санагддаг юм. Хөдөлмөрлөж байхад цаг хурдан өнгөрдөг шүү дээ.
-Адал явдал, амар амгалан байдлын алийг нь илүүд үзэх вэ?
-Зураач хүн адал явдалгүй бол бүтээл гарахгүй. Зуны амралтаараа хөдөө явдаг. Гэхдээ нийгэм угаасаа биднийг тайван байлгадаггүй, тэр чигтээ адал явдал.
-Танд хамгийн сүүлд ямар адал явдал тохиолдсон бэ?
-Энэ их хэцүү. Би хүмүүсийн нүдэнд их өртдөг л дөө. Зүгээр л, хэнд ч саад болохгүй явж байхад “Хөөе, чи эрэгтэй юм уу, эмэгтэй юү” гээд л янз бүрээр доромжлох юм. Яагаад чёлкатай (дух руу унжуулсан богино үс) эрэгтэй хүн байж болохгүй гэж.
Чингис хаан, Жамух, эртний монгол эрчүүд бүгд л гэзэгтэй байсан шүү дээ. Хүний үсэнд сүр сүлд нь оршдог гэж би боддог. Тэд өөрсдийнхөө дутагдлыг харахгүй байж яагаад хүн шүүмжилдгийг ойлгодоггүй.
-Энэ байдал уран бүтээлд тань хэр нөлөөлдөг вэ?
-Тийм ч их биш.
-Тийм их шүүмжлүүлдэг юм бол “Яршиг, богиносгоё” гэж бодож байв уу?
-Энэ тухай гурван жилийн өмнө зүүдэлсэн. Үсээ богиносгосоор богиносгосоор бүр жижиг болгоод гадуур явж байтал танилууд таараад “Ямар аймшигтай болчихсон юм бэ” гэж байх юм. Зүрхээр ёгхийх шиг болов.
Цааш явж байтал сургуулийнхан дайралдаж, “Чамд юу тохиолдоо вэ. Муухай байна” гэхэд нь бүр шаналчихсан. Бүх хүн шүүмжлээд л, би ургачихна шүү дээ гэж тайлбарлаад л... Толинд хартал жижигхэн толгойтой, хачин муухай болчихож.
Зүрх өвдөж сэрэхэд үгээр хэлэхийн аргагүй тайвшралыг мэдэрсэн. Тэгээд “Би үхэн үхтлээ үсээ тайрахгүй” гэж өөртөө амласан.
-Олон нийтийн зарим үйл ажиллагааны үеэр таныг, танай сургуулийн зарим залууг индиан маягийн хувцастай байхыг харсан. Энэ ямар учиртай вэ?
-Манай сургууль “Апаче” буюу нарны бүжиг хэмээх хамтлагтай. Би ахлагчаар нь бүжиглээд 10 гаруй жил болж байна. Миний ард зургаан хүүхэд бүжиглэж, төгсөх бүрт солигддог.
Манай зарим оюутан индиан соёлд бүр автаад дипломоо хүртэл тэр сэдвээр хамгаалсан. “Плэй тайм” болон байгууллагуудын арга хэмжээнд оролцдог.
-Яагаад заавал индиан гэж?
-Монголд биднээс өөр индиан стилтэй залуус байхгүй шүү дээ. Тэгээд ч индиан Монголоос гаралтай гэдэг. Хоёр жилийн өмнө “Эмайра” хэмээх индиан хамтлаг Монголд тоглолтоо хийхэд бид ард нь бүжиглэсэн. “Ийм хамтлаг Монголд байна гэж зүүдлээгүй. Зарим нь яг индиан шиг юм” гэж тэд гайхширсан.
Б.ДӨЛГӨӨН