БСШУЯ, УДЭТ, Хүүхэлдэйн театр, “Монгол мөрөөдөл” клуб, “Дрийм арт” продакшн, ГХЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын ганц хүний жүжгийн төв “Ялагчийн цуваа” олон улсын наадам зохион байгуулахаар болжээ. Уг төвийн тэргүүн, Косовод болсон ганц хүний жүжгийн наадмын гран при шагналт, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалангаас энэ талаар тодрууллаа.
-Моно жүжгийн төвөө хэзээ байгуулсан бэ?
-Манай жүжигчид олон хүний бүрэлдэхүүнтэйгээр гадаадын уралдаанд оролцоход санхүүгийн бэрхшээл тулгардаг. Тиймээс ганц хүний жүжгийн төрөл бол олон улсын тавцанд гарах бидний боломж.
Ганц хүний жүжгийн төрөлд хүч үзэх жүжигчдийг дэмжих, үзэгчдэд энэ урлагийг таниулах зорилгоор өнгөрсөн оны долдугаар сард төвөө байгууллаа. Анхныхаа наадмыг ирэх сарын 30-аас аравдугаар сарын 6 хүртэл зохион байгуулахаар боллоо.
“Ялагчийн цуваа” нэртэй уг наадмын хүрээнд Монголынхоо жүжигчдийн дунд анхдугаар уралдаан энэ сарын 31-нд СУИС-ийн “Оюутан” театрт зохион байгуулна. Ардын жүжигчин Б.Мөнхдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж, Б.Баатар болон Ч.Түвшин, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нар шүүнэ.
Олон улсын наадмын хаалтын тоглолтыг энэ уралдаанд түрүүлсэн монгол уран бүтээлч толилуулах юм. Яагаад гэвэл олон улсад наадам зохион байгуулдаг уран бүтээлчид урилгаар ирж буй тул тэдэнд үзүүлж, 2016 онд бусад улсад болох наадамд Монголынхоо жүжигчдийг зуучлах зорилготой.
-Монголоос ямар уран бүтээлчид оролцохыг зарлаж болох уу?
-Одоогоор Ш.Аззаяа “Цэцгэн байшин”, Г.Туяа “Улаан дэнлүүт асар”, Г.Мишээл “Чаплинд нулимс бий юү”, Г.Амарбаясгалан Чеховын “Баавгай”, найруулагч Б.Одонтуяа “Гэлэнмаа”, Б.Одгэрэл “Фауст”-аас сэдэвлэсэн “Бүүк” жүжгээр оролцохоор албан ёсоор бүртгүүлжээ.
-Гадаадаас аль улсын, ямар амжилт үзүүлсэн жүжигчид оролцох вэ?
-Македон, Косово, ОХУ-ын Буриад, Молдав, Украин зэрэг улсад зохион байгуулсан ганц хүний жүжгийн наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчид ирнэ.
Аравдугаар сарын 1-нд Германы жүжигчин Уилли “Одиссей”, маргааш нь Молдавын Юрий Хармелин “Амьдралыг минь буцааж өгөөч”, нөгөөдөр нь Литвийн Альвидас Визгирда “Амок”, Кыргызын Кулаим Канемитова нь Чингиз Айтматовын “Эхийн тал” жүжиг тоглох бол 4-нд Шведийн Элиа Фэйнжер “Миний амьдрал дахь хөгжмийн хэмнэл” бүтээлийг Хүүхэлдэйн театрт толилуулна.
Наадмын хүрээнд ЮНЕСКО дахь ганц хүний жүжгийн төвийн дэд ерөнхийлөгч Нина Мазур болон жүжигчдийн нэг нь энэ төрлийн бүтээлд хэрхэн тоглох, найруулах талаар сургалт зохион байгуулна.
-Англи хэлээр тоглох уу?
-Олон улсын жишгийн дагуу жүжгийн агуулгыг монголоор товчлон бичиж үзэгчдэд өгнө. Тайзны хажууд дэлгэц дээр хадмал тавибал жүжигчдийн тоглолт руу анхаарлаа тэр бүр хандуулж чадахгүй шүү дээ.
Б.ДӨЛ