Федор Шаляпинаас хойших дэлхийд нэрээ гаргасан хамгийн алдартай орос мэргэжлийн дуучин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын залуу дуучдын аравдугаар уралдаанд Ч.Бадрал дэд байрт шалгарчээ.
Энэ сарын 18-25-нд Санкт-Петербургт Шостаковичийн нэрэмжит улсын филармонид болсон уралдаанд 20 орны 220 гаруй дуучин оролцсоноос Украины Присяжнюк Тарас түрүүлж 500 мянган рублиэр шагнуулсан бол Оросын Аблаева Эмилия, Беларусийн Дмитрук Владимир нар гуравдугаарт шалгарч 250 мянган рублийн эзэн болов.
Өнгөрсөн жил Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд дэд байрт шалгарсан, ЦДБЭЧ-ын гоцлооч, Гнесиний академийн төгсөх ангийн оюутан Ч.Бадрал 350 мянган рублиэр шагнуулж, “Мариинский” театрт дуулах урилга авчээ.
Гран прийн эзэнд 700 мянган рубль өгөх байсан ч тодруулаагүй аж. Чансаагаараа Глинкийн уралдаантай тэнцдэг уг уралдааныг дэлхийн дуурийн одод болох Фьоренца Коссотто, Эва Мартон, Маквала Касрашвили, Лариса Гергиева тэргүүтэй 11 хүн шүүжээ.
Уралдааны шагналтнууд Елена Образцовагийн соёлын өвийг дэмжих сангаас ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулах тоглолтод оролцох аж.
Москвагийн Их театр болон Санкт-Петербургийн “Мариинский”, Италийн “Ла Скала”, Английн “Гранд опера” зэрэг хамгийн алдартай тайзнаа хоолойн чадлаа гайхуулсан ЗХУ-ын ардын жүжигчин Елена Образцова нь Пласидо Доминго, Лучано Паваротти, Хосе Каррерасом, Николаем Гяуровын зэрэг одтой хамтран дуулж байжээ.
Б.ДӨЛГӨӨН