Кино сонирхогчдод зориулсан хэд хэдэн сонирхолтой арга хэмжээ ирэх өдрүүдэд болох гэж байна. Наймдугаар сарын 27-нд “MAD SCREEN Cinema”-гийн хамт олон задгай дээвэр дээр Оскарын шагналт “The Artist” киног толилуулна гэсэн.
Улиг болсон кинотеатрын танхимд бус дээвэр дээр шорлог идэж, шар айраг шимэнгээ кино ертөнцөөр аялах боломжийг тус хамт олон олгож буй. “Ногоон тагт” зоогийн газрын дээвэр дээрх үзвэр 7000 төгрөгийн үнэтэй.
Харин есдүгээр сарын 1-нд машиндаа тухлангаа гадаа талбайд кино үзүүлдэг “Car cinema” нээлтээ хийх аж. Тус театрыг хариуцан ажиллуулах гэж буй “Summer Events”-ын ажилтантай холбогдож, задгай талбайн театрын талаар тодрууллаа.
-Театраа хаана байрлуулахаар төлөвлөж байна вэ?
-Задгай талбайн театр маань тогтсон байршилгүй. Нүүдлийн хэлбэрээр ажиллана. Долоо хоног бүр шинэ, шилдэг кинонуудыг үзүүлэх бөгөөд байршил нь тухай бүрт солигдож байхаар төлөвлөж байна.
-Үзвэр зохион байгуулах бүртээ дэлгэц засна гэхээр тийм ч амар биш байх даа.
-Кино театраа анхнаасаа нүүдлийн хэлбэртэй байлгахаар төлөвлөсөн учраас техник хэрэгслээ ч түүндээ тохируулж сонгосон. Дэлгэц нь гэхэд зөөж байрлуулахад хялбар хийлдэг шинэ технологийн “Airscreen” гэх төхөөрөмж байгаа.
-Энэ удаад ямар киног, хаана үзүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Одоогоор киноны эрхээ аваагүй байна. Үзэгчдэд толилуулах киноны эрх баталгаажихаар бүх мэдээлэл тодорхой болно.