Ливан улсын Бейрут хотод ирэх сарын 13-19-нд болох “Top model international 2015” уралдаанд Монголоос анх удаа багаараа оролцох гэж байна.
Тус уралдаанд эх орноо төлөөлөн орон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх топ модель Х.Бадамгэрэлтэй утсаар холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Уралдаанд оролцох загвар өмсөгчдийг хаанаас, ямар шалгуураар сонгодог юм бэ?
-Одоогоор 40-өөд орны төлөөлөл эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг загвар өмсөгч өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Энэ жил манай улс давуу эрхээр эмэгтэй, эрэгтэй тус бүр хоёр загвар өмсөгч оролцуулахаар болсон.
Зохион байгуулагч “Mode de Paris” агентлагаас олон улсын хэмжээний чадварлаг шүүгчдийг урьж байгаа. Шүүгч нар ямар шалгуураар загвар өмсөгчдийг сонгосныг мэдэхгүй. Олон улсын том уралдаанд оролцож байсан туршлага, амжилт, загварын салбар дахь нэр хүнд зэрэг үзүүлэлтийг чухалчилсан байх.
-Яагаад манай улс бусад орноос давуу эрх эдлэх болсон юм бол?
-Тэмцээнд оролцох эрхийг Монголын үндэсний дизайнеруудын холбоо авсан. Энэ холбооны ерөнхийлөгч Ц.Одонгэрэл тус тэмцээний шүүгчээр уригдсан. Тэрбээр энэ салбартаа нэр хүндтэй хүн. Тиймээс түүний нөлөө байсан болов уу.
-Бэлтгэлээ хэр базааж байна вэ. Загвар өмсөгчдөд ямар шалгуур тавьдаг бол?
-Миний хувьд бэлтгэлээ хангачихсан. Өөрийн загварын агентлагтай болохоор давуу талтай. Тайзны алхаа, харилцааны соёл гээд загвар өмсөгчийн эзэмших ёстой зүйлсийг байнга заадаг болохоор бэлтгэлд санаа зовох зүйлгүй.
Загвар өмсөгчийг бүхий л талаас нь харуулахыг зорьдог. Загвар өмсөгчийн зураг авахуулж буй байдал, нүүр хувиргалт, тайзны алхаа, биеэ авч явж буй соёл зэргийг чухалчилдаг.
Үүнээс гадна үндэсний хувцасны болон бикини гараа гэж байдаг. Эдгээрийг харгалзан дүгнэх байх.
Ж.СУВДМАА