Цагийг зугаатай өнгөрүүлэх зорилготой улаан лооль, ус, дэр гээд төрөл бүрийн зүйлсээр байлдах арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг. Ажлын ачаалал тайлахаас гадна хөгжилтэйгөөр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой эл төрлийн арга хэмжээ нийслэлд тун удахгүй болох гэж байна.
“Evex & The Color Event UB”-ийн зохион байгуулж буй будгаар байлдах өдөрлөг есдүгээр сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Оролцогчид гараанаас нэгэн зэрэг гарч 2.7 км урт замыг эрч хүчтэй хөгжмийн аянд будганд будуулан туулах аж. Өнгө өнгийн будгаар гоёсон оролцогчид барианд ормогц монгол болон гадаад дижей нар электро хөгжмийн тоглолтоо толилуулж, өдөрлөг үдэшлэг хэлбэрээр үргэлжлэх гэнэ.
Будгаар байлдах өдөрлөгийн тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарт цагаан цамц, будгаар хамгаалсан нүдний шил, будаг дагалдах юм. Тасалбарыг Улсын их дэлгүүрийн урд байрлах Баттур жуулчны компанийн байранд борлуулж буй.