Улсын драмын эрдмийн театрын хамт олон Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос хойш аймгуудын Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёлын газар, театр, чуулгуудтай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Манай театрын хамт олон Өвөрхангай Баянхонгор аймгуудад 2015 оны есдүгээр сарын 9-14-нд “УДЭТеатрын өдрүүд” аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Өвөрхангай аймгийн Хархорин суманд есдүгээр сарын 9-нд 10,11-нд Арвайхээрт, Баянхонгор аймгийн төвд есдүгээр сарын 12, 14-нд, Бууцагаан суманд 13-нд тоглохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэхүү ажлын хүрээнд бид орон нутгийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд залууст зориулан манай театрын шинэ шилдэг уран бүтээлүүд болох
1. Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг
2. Дарио Фо “Чөлөөт хос” орчин үеийн жүжиг
3. С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг
4. К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн бүтээлүүдээ 50 % хөнгөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлч үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулж, тухайн орон нутгаас төрөн гарсан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэн, төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан туршлага, мэдээлэл солилцох аж.