ХАЯШИ МАРИКО
Энэ зун гарлагатай юу л гэхээс өөр юмгүй, за даа, нэг тиймэрхүү л зун байлаа. Угаалгын машин, агааржуулагч, видео тоглуулагч маань зэрэг зэрэг эвдэрчихээд. Манайх нэг давхарын айл болохоор оройдоо хөшгөө цэлийтэл нээчихээд уужуухан сууж ч чадахгүй, дээр нь бас бетонон байшин, халуунд толгой дүүргэхийг хэлэхүү. Болоогүй ээ бас, хамаг юмаа гараараа угааж байдаг...
За энэ ч яахав, би бичлэг хийх санаатай найзынх руугаа шинэ хальс авахаар, гуйх л юм болохоор гудайсхийгээд л явлаа. Намайг хүмүүс юм хумаа эртхэн засуулаад авахгүй яасан арчаагүй юм бэ гэж хэлэх байх л даа. Манайх гэдэг айл хог новшиндоо дарагдчихаад цахилгааны засвар хийх хүнийг байтугай найз залуу, аав ээж, ах дүүгээ ч оруулахад хэцүү болчихоод байлаа. Би өрөөнийхөө голд зогсоод хаанаас нь эхэлж янзлахаа мэдэхгүй бүр дотор бачуураад. Киноны тайлбар, сонины хайчилбар, хямдралаар аваад өмсөөгүй цамц энэ тэр гээд хаях гээд хаяж чадахгүй байсан юмнууд өрөөгөөр нэг хөглөрнө. Уг нь энэндээ дасчихсан болохоор нэг их зовоод байх юм байсангүй л дээ. Зовж байгаа юм маань огт ондоо юм байлаа.
Жорлонгийн цаас маань дуусаад гурав хонож байна. Орлуулж байсан амны цаас ч бас дуусах янзтай, жаахан л үлдэж. Би ямар ч байсан хөглөрч байсан сэтгүүлүүдээ янзлахаас эхэллээ. Аяндаа л хуудас хуудсаар нь эргүүлчихсэн уншиж суух тул нэг л мэдэхэд өдрийн тал өнгөрлөө. Тэгээд янзалсан сэтгүүлүүдээ дөчин санж өндөртэй, дөрвөн боодол болголоо. Энэ үед яг цагаа олж, хуучин ном сонин авдаг машины дуу гарах шиг болов.
“Одоо танайд ойрхон байна. Юм өгөх хүн байвал дуудна уу” гэх нь тэр. Би үүдэндээ гараад гараа байдгаараа даллав. Машин ч дөхөөд ирлээ. Нэг залуу боодолтой сэтгүүлүүдийг маань сурмаг гэгч нь авангуутаа оронд нь таван ширхэг жорлонгийн цаас өгдөг байна шүү. Шив шинэхэн, бүв бүтэн, цав цагаан, бас том.
Боодолтой сэтгүүлүүдээ зайлуулчихсан чинь өрөө маань онгойгоод л явчихлаа. Тэгээд хамаг бие минь хөөр баяслаар бялхан, ер нь ойрд ийм жаргалтай байсан удаа үгүй шиг санагдлаа. Шал дэмий новширч байсан юмнаасаа салж, оронд нь яг хэрэгтэй байсан юмаа олоод авчихсан нь үнэхээр болоод өнгөрсөн бодитой явдал байлаа. Дараа нь гурван өдрийн турш сэтгэл нэг л тэнэгэр сайхан явлаа.
Ингээд өчигдрийн явдлыг үгүүлье.
Гудамжны буланд байдаг дэлгүүрээс марк авахаар явлаа. Тэгээд нэг нь жаран мөнгөний үнэтэй арван марктай нэг багцыг авав. Тэндээсээ шуудангийн хайрцаг руу зүглэнгээ зүгээр л нэг марк уръя гэж бодлоо. Оёдлын машины нүх шиг олон жирийсэн сэмэрхий дагуулан болгоомжтойёо урж байхад есөн сарын наран төөнөж, байшингийн сүүдэрт ороход сэрүүн салхин сэвэлзэнэ. Тэр агшинд яг шувуу жигүүрээ дэлгэхийн өмнөхөнөдөө зэрсхийлгэн сэрэхтэй адил нэг л соньхон сэрэл бүхий л биеэр минь жирсхийгээд өнгөрөв.
Марк урах гэдэг ийм сайхан ажил гэдгийг урьд нь анзаараагүй явжээ. Тэгээд би орчин тойрноо хараад хүн амьтан байхгүйг мэдэнгүүтээ маркнуудаа тайван гэгч нь урж гарлаа. Харин гайхалтай нь хоёр гуравдахыг урж байхад анхныхыг урсан шиг жаргалтай сайхан санагдахгүй байлаа.
Хуучин сэтгүүлүүдээ жорлонгийн цаасаар солиод авсан, бас маркны сэмэрхийг дагуулан урсан хоёр явдал дараа дараалан болсон нь энэхэн биеийн эдэлсэн соньхон жаргал биш гэжүү.
Би агшин зуур ингэж санаашраад сэтгэл судлал, философийн талаар “а”-гүй болохоор үүнээс илүүгээр ургуулан бодож чадахгүй юм даа гэж харамсан бодов.
Намрын эхэн сар байлаа.
Эрдэмтэн найз залуутай байсан бол сайхан аа.
Япон хэлнээс орчуулсан Мягмарын Саранцэцэг