Үс сайхан бол зүс сайхан гэдэг зөвхөн өнгөн талаасаа үзэмжтэй харагдахыг хэлдэггүй. Өвөрмөц сонин стилээрээ үргэлж олныг гайхашруулж, гадаад үзэмждээ нэлээд ач холбогдол өгдөг япончууд өдгөө үсээ загварлаг болгохоос илүү эрүүл байлгахад анхаардаг болжээ.
“Японд загварлаг үсийг нэгдүгээрт тавьдаг үсчин одоо байхгүй. Үсийг гэмтээдэг үсчинд дахиж хандахаа ч больсон. Арьсанд өөрийгөө эмчлэх, нөхөн төлжүүлэх чадал байдаг бол нэгэнт гэмтсэн үсийг арчлахгүй л бол улам өвчилдөг.
Гэмтсэн үс урьдын хэвэндээ ороход их хөдөлмөр зарцуулна” хэмээн Японы “Familie hair” үсний эмнэлгийн захирал, мастер Танимүра Шёочи хэлсэн юм. Хуйх хордуулдаг хоцрогдсон шампунь, химийн будаг хэрэглэн хямд үйлчилгээ үзүүлсээр буй өнөөгийн нөхцөлд үсийг эрүүлжүүлэх, эмчлэх аргыг Японд түүний эмнэлэг анх нэвтрүүлсэн нь тус улсад энэ салбартаа бараг л хувьсгал болжээ.
Япон, Монголын соёлын нийгэмлэгтэй хамтран тус эмнэлэг Монголын мастер үсчдэд сургалт зохион байгууллаа. Мөн тэд хоргүй бүтээгдэхүүнээр үсийг эрүүлжүүлэх сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зохион байгуулах төлөвлөгөөтэй аж.
Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулах болон гадаадад ажиллах эрхээ авахаар хөөцөлдөж байгаа гэнэ. Энэ үеэр “Киви” хамтлагийн, төрөлхийн буржгар үстэй Ц.Намуун, үргэлж цайвраар буддаг Д.Уламбаяр нарын үсийг эрүүлжүүлж туршсан юм.
Ингэхдээ коллаген болон канген устай бэлдмэл, үсийг 70 хувь эрүүлжүүлдэг шампунь зэрэг өчнөөн бүтээгдэхүүн хэрэглэсэн. Тэд эрдэмтдийн санал болгосон сүүлийн үеийн органик бүтээгдэхүүнүүд ашигладаг аж. Канген устай коллагеныг гэхэд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийнхэн худалдан авах боломжтой аж.
Ийн үсийг эрүүл болгоход 250 мянган иен зарцуулдаг байна. “Үсчид бээлий өмсөж үйлчлүүлэгчдийн үсийг буддаг. Хүний арьсанд хортой юм бол үсийг ч гэсэн гэмтээх нь ойлгомжтой шүү дээ. Химийн бодис ашигладаг үсчид өөрсдөө ч өвчилдөг.
Манай эмнэлгийн хэрэглэдэг үсний будгийг гараараа ч түрхсэн болдог” хэмээн Танимүра хэлээд, коллагентай канген усаа ам, хүзүү рүүгээ цацаж, “Уусан ч болно, ямар ч хоргүй. Арьсыг илүү зөөлрүүлнэ” гэв. Үс нь цусны судлуудаас шалтгаалж бий болдог тул сайхан байлгахын тулд дотроосоо эрүүлжих шаардлагатай юм байна.
80 градусаас илүү халаасан индүү, сэнс хэрэглэх хэрэггүй, тэгэхдээ үсийг бага зэрэг чийгтэй орхих ёстой, шампуниар үрж угаалгүй зөөлөн илэхгүй бол гэмтэнэ хэмээн тэрбээр зөвлөсөн. Хүмүүс ихэвчлэн сайн хөөсөрдөг шампунь сонгодог.
Тэгвэл ийм бүтээгдэхүүн төдий чинээгээр химийн бодистойг япон мэргэжилтнүүд онцолж, амино хүчилтэй шампунь хэрэглэж байхыг санууллаа.
Энэ үеэр тус эмнэлгийн нэгэн мэргэжилтнээс цөөн зүйл тодруулснаа хүргэе.
-Танай эмнэлгийнхний хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд Монголд байхгүй. Тиймээс энгийнээр үсийг эрүүлжүүлэх аргаасаа хуваалцахгүй юу?
-Хэт халуун болон нарны туяа, химийн бодисоос шалтгаалж үс гэмтдэг тул үргэлж байгалийн гаралтай, хор багатай бүтээгдэхүүн сонгож хэвшээрэй.
Ийм бүтээгдэхүүнүүд үсэн дотор шингэж эмчлэх үйлчилгээтэй бол, энгийн шампунь, тэжээлийн тос зөвхөн гадна талаас нь гоё харагдуулж, бүрхүүлийг нь гэмтээдэг.
Тиймээс бүлээн усанд дунджаар таван минут үсээ дүрвэл бүрхүүл үүснэ. Ийм үед нь одоо хэрэглэдгээсээ 10 дахин бага хэмжээний шампуниар угааж бай.
-Тослог арьстай, амархан зунгааралддаг үстэй хүмүүс өдөр бүр угаах нь буруу юу?
-Өдөр бүр бол хэтэрнэ. Таван минут бүлээн усаар зайлахад хөлс, тос, шорооны 70 орчим хувь нь арилдаг тул заавал шампуниар бүрхүүлийг нь эвдэх хэрэггүй.
-Нэгэнт шингэрсэн үсийг өтгөрүүлэх боломжтой юу?
-Үс олон шалтгаанаас болж унадаг. Идэж буй хүнсэндээ анхаарч, түргэн хоол, тамхи, эм тангаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
Үс ургуулдаг янз бүрийн бүтээгдэхүүн, тэжээлийн тос улам хордуулах нь ч бий. Түүний оронд толгойдоо иллэг хийж, цусны эргэлтээ сайжруулбал үс сайн ургадаг.
Эрэгтэй, эмэгтэй хүний үс ялгаатай. Эмэгтэй хүний ус шингэрсэн бол эргэн ургах магадлал 100 хувь.
Б.ДӨЛГӨӨН