Казахстаны мафи болон нэгэн залуугийн амьдралыг өгүүлэх “Рэкитер”-ийг адал явдалт, зодоонт кинонд дуртай үзэгчид андахгүй биз ээ.
Казахстаны найруулагч Ахан Сатаевын 2007 онд 800 мянган ам.доллараар бүтээж, 1.2 сая ам долларын ашиг олсон эл бүтээлийн хоёрдугаар анги өнгөрсөн тавдугаар сарын 28-нд нээлтээ хийсэн.
Тэгвэл “Тэнгэрийн Модун” ТББ, “Хас медиа” студи тус киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар урьжээ. ОХУ, Киргиз, Францад албан ёсны нээлтээ хийж байсан “Рэкитер”- ийг өчигдрөөс “Гэгээнтэн” кино театрт толилуулж байгаа бол өнөөдөр “Өргөө”-д гаргах нь.
“Монгол бүтээлээ гаднын зах зээлд гаргах зорилгоор хэсэг уран бүтээлч нэгдсэн юм. Бидэнтэй хамгийн ойроор нь эхний ээлжинд Казахстаныг сонгож, “Рэкитер” киноных нь нээлтийг хийе.
Ингэснээр монгол бүтээлээ тус улсад гаргах боломжтой болно гэж бид төлөвлөсөн. Дараа нь Оросын жүжигчинтэй ч хамтрах бодол бий. Энэ дашрамд, киногоо солилцон үзэгчдэд хүргэх, хамтран бүтээл хийж, наадам зохион байгуулах тухай казахстан уран бүтээлчидтэй санамж бичигт гарын үсэг зурна.
Монголоос одоогоор “Ар хударга” киног санал болгохоор төлөвлөсөн. Мөн Казахстан, ОХУ-тай хамтран монгол залуучуудын тухай орчин үеийн триллер бүтээл хийхээр төлөвлөж, зохиолоо гаргасан. Энэ уулзалтын үеэр тодорхой болгоно” хэмээн “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү хэлсэн.
Уг киноны гүйцэтгэх захирал, продюсер Анна Чакиртова, Русланы дүрд тоглосон Мурат Бисембин, Саянд тоглосон Саят Исембаев нартай цөөн хором ярилцах боломж олдсон юм.
-Юун түрүүнд Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
Мурат Бисембин: -Элгэмсэг дотно хүлээн авч буйд талархаж байна. Бид бараг л цус нэгтэй шүү дээ. Тиймээс Монголд зочилсноороо үргэлж бахархан ярьж байх болно.
-“Рэкетир”-ийг бодит амьдралаас сэдэвлэсэн үү?
Саят Исембаев: -ЗХУ задарснаас хойших үеийн энгийн ардын амьдралыг хүргэхээр Саяна Беккаримова хэмээх залуугийн намтарчилсан түүхээс сэдэвлэн бүтээсэн.
Нэгдүгээр анги гарсны дараа Саянд юу тохиолдсон бол гэж үзэгчид ихэд сонирхож байсан тул эргэлзээг нь тайлахаар хоёрдугаар ангийг нь бүтээлээ.
Гуравдугаар анги хийх, эсэх нь одоогоор тодорхойгүй. Мафи, гэмт хэргийн хор уршгийг залуучуудад сануулах зорилготой кино.
Миний тоглосон дүр киноны төгсгөлд амиа алдах шахахдаа эцэг эх, гэр бүлээ л боддог шүү дээ. Гэвч бурхан түүнд боломж олгосон тул хоёрдугаар ангидаа өөрөөр амьдарч буйг харуулдаг.
-Монгол кино үзэж байв уу?
Саят Исембаев: -Үгүй. Гэхдээ БНХАУ-ын уран бүтээлчдийн хийсэн “Чингис хаан” олон ангит киног үзсэн. Гадаадад гаргах олон чанартай кино хийхийг Монголын нийт уран бүтээлчдээсээ хүсэж, амжилт ерөөе.
-“Рэкетир” кинонд зориулж Реппер Жий, Десант хамтран “Бод” нэртэй дуу бүтээснийг сонссон байх.
Анна Чакиртова: -Монгол залуучуудын хийсэн дуу маш их таалагдсан. Хэрвээ монгол уран бүтээлчидтэй хамтран кино хийх бол түүнийг киноныхоо дуу болгох яриа бий.
Өмнө нь Түвшинхүү, Цэрэнболд нартай хамтран ажиллаж байсан. Энэ удаа жүжигчин солилцох зэрэг асуудлыг тохиролцоно. Мөн Бат хааны тухай кино хийхдээ аравдугаар сард зарим зургаа Монголд авахаар төлөвлөж байна.
Б.ТАЙВАН