Монголын Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн олны сэтгэлд хоногшсон 60 дууг дээжлэн багтаасан “Уйлж дуулах хорвоо” номын нээлт өчигдөр “Интерном” их дэлгүүрт боллоо. Найз нөхөд,багш, ээж, хань, шавь нарынх нь дурсамжтай хамт түүний мэндэлсний 70 жилийн ойн дурдатгал болон хэвлэгдсэн энэ номыг ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Гэгээн аялгуу” сэтгэл цугласан ном хэмээн тодотгосон байлаа. Түүнчлэн “Энэ номын эхний хуудсыг сөхөхдөө уншигч авхай та “Учран золгохын ерөөл” талбин нээгээд, сүүлчийн хуудсыг эргүүлэхдээ үгүйлэх, харамсахын нулимстай хаах болов уу гэж сэтгэлд бууна” хэмээн тотго үгэндээ бичсэн байв. Монголын ард түмний хайртай хөгжмийн зохиолч, дэлхийн энтэй уран бүтээлчийг дурсан санаж, үгүйлэх суух олны дунд түүний дотны найз Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, уран бүтээлийн нөхөр, ах ардын уран зохиолч Д.Цоодол, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэг гээд урлаг, соёлын алдартнууд, хөгжмийн зохиолчид байлаа. Түүний гэргий Д.Ганмягмар “Уйлж дуулах хорвоо” номынхоо хоёр дахь хэвлэлтийг ийнхүү олны хүртээл болгож буй бөгөөд ханийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж, уран бүтээлийг нь сурталчлахын төлөө олон ажил санаачлан хийдгийг нь энд цугласан олон ярьж байв.
“Ус мөрөн олон чиг”, “Зүүдний говь”, “Учран золгохын ерөөл”, “Хонхот хүүхэлдэй”, “Туулай хаана унтдаг вэ” гээд хэлд орж буй балчраас, нутгаа харуулдан саравчлах буурал хүртлэх бүх насны хүмүүсийн амандаа аялж, сэтгэлдээ сийлсэн олон дууны аялгууг тэр богинохон насандаа урлаад буцжээ. Гэхдээ дуутайгаа хамт амьдарч, уйлж, дуулж амьдрахын ухаарлыг сануулсан хөгжмийн зохиолч Ц.Чинзориг үеийн үед бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэлд тодорсоор байх нь энэ буюу.