Монголчуудыг дэлхийн хүмүүс гэж хэн нэгэн нь дээшээ хараад хэлчихээгүй. Бид цөөхүүлээ ч бөмбөрцгийн хаа нэгтээ монгол хүн ур чадвар, ухаанаараа тэргүүлж, гадаадынхныг бишрүүлж байгаа тухай бишгүй сонсогддог нь үүнийг нотлох биз ээ.
Фэйсбүүк цахим хуудаст 50 мянга гаруй дагагчтай Oono’s makeup нэртэй пэйжийг мэдэхгүй хүн тун цөөн. Тэр тусмаа охид, бүсгүйчүүд. Оюунжаргалын Ононтунгалаг гэх энэ эмэгтэй алс холын Америкаас монгол охид, эмэгтэйчүүдэд нүүр будалт, гоо сайхны төрөл бүрийн зөвлөгөөг инстаграмм болон хувийн цахим хуудсаараа дамжуулан хүргэсээр ирсэн.
Тэрбээр АНУ-ын Лос Анжелост байрладаг, Холливудын шилдэг зураглаачийн үүсгэн байгуулсан “Майкл Винсент” академи (Micheal Vincent academy)-ийг мэргэжлийн нүүр будагчаар төгсөж, өдгөө энэ сургуульдаа багшилж байгаа юм билээ.
Авьяаслаг монгол бүсгүй Холливудын алдартнуудын нүүрийг гооддог гэж дуулаад түүгээр эрхгүй бахархсан шүү. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Монголчууд таныг Oono’s makeup нэрээр чинь мэднэ. Харин Ононтунгалаг гэж хэн бэ. Яагаад нүүр будагч болсон талаар яриагаа эхлэх үү?
-Би хүмүүсийн хэлж заншсанаар монгол III сургууль төгссөн. АНУ-д 2009 онд ирж, бизнесийн удирдлагаар суралцаад өдгөө бакалаврын зэргээ авах гэж байна. Үүнийхээ хажуугаар нүүр будагчийн академи дүүргэж, одоо төгссөн сургуульдаа багшилж байгаа.
Анх энд ирсэн зорилго өөр байсан л даа. Манай эцэг эх хувиараа бизнес эрхэлдэг. Тиймээс “Бизнесийн салбар ямар ч үед хөрвөх чадвартай. АНУ-ын сургуулиуд энэ чиглэлээр илүү боловсрол олгодог” гээд намайг тийш явахыг санал болгосон. Сурахынхаа хажуугаар мэргэжлийн нүүр будагч болох нууцхан мөрөөдөл байсан ч гэр бүлийнхэндээ хэлж чадаагүй.
Хоёр сургуульд сурна. Мөнгө санхүүгээс эхлээд цаг зав ч багатай байсан. Тэгээд ч Монголд нүүр будахыг мэргэжил гэж үздэггүй, хараахан хөгжөөгүй байгаа гэж болно. Гэсэн ч хүсэл мөрөөдлөө гээлгүй аав ээжтэйгээ ярилцаад тэр хоёрыгоо ятгаж чадсан. Аль алиныг нь цалгардуулалгүй сайн сурч чадна гэж амласан.
Тэгээд “Майкл Винсент” академийнхантай уулзахад намайг эелдгээр хүлээж авсан. Шууд л очсон өдрөө сургуульдаа орсон. Янз бүрийн шалгалт өгөөгүй. Гэхдээ түвшин тогтоох шалгуур бий. Төрөл бүрийн түвшний хүмүүстэй суралцах учраас дундчилж, I, II, III шатанд оруулдаг.
Тэрнээс биш “Чи тэнцсэнгүй” гэхгүй. Академид орохоосоо өмнө өөрийгөө болон найз нөхдийнхөө нүүрийг будах хообийтой байсан. Түүнээс гадна нүүр будалтын төрөл бүрийн бичлэг үздэг байлаа. Үүнийгээ мэргэжлийн түвшинд хөгжүүлэхээр зорьж явна.
-Холливудын алдартнуудын нүүрийг монгол охин будаж байна гэхээр үнэхээр сайхан санагдлаа. Ямар шалгуур давж Холливудад хөл тавив?
-Манай сургуулийн захирал Майкл Винсент эхнэрийнхээ хамт Холливудад 16 жил ажилласан. Түүний эхнэр болох Талби Винсент холливудын чадварлаг нүүр будагч нарын нэг. MTV-гийн хөтлөгч байсныг нь хүмүүс мэдэх байх.
Холливудад чадвартай маш олон нүүр будагч, үсчин хэрэгтэй байсан учраас өөрсдөө энэ академийг байгуулсан юм билээ. Тэд анхнаасаа хөлөө олчихсон, олон хүн таньдаг учраас алдартай хүмүүс манайхаар байнга үйлчлүүлдэг. Сургуулийн багш нар л гэхэд зөвхөн захирлуудтай, “том” одуудтай хамтран ажилладаг.
Оюутнуудад хичээл заадаг багш нь ч тусдаа. Тэд телевизийн шоунаас төрөн гарсан Лэлли Гличи, Кайли Жэйнер, дуучин Ники Минаж, Кристина Милион, KD Айберт, Крис Браун гээд өсөх ирээдүйтэй ододтой хамтарч ажилладаг.
Манай сургуулийн бусдаас ялгарах давуу тал нь фото студитэй. Энд захирал өөрөө зураг авна. Миний хувьд чамлахааргүй олон алдартантай хамтарч ажиллаж байна.
Манайх студидээ төгсөгчдөөсөө ажиллуулдаг учраас надад маш том боломж олдсон. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийхэд амжилт аяндаа араас дагадаг юм шиг санагддаг.
-Олны танил хүмүүсээс хамгийн анх хэний нүүрийг будсан бэ?
-Холливудын эрчүүдийн 90 орчим хувь нь ярилцлага, клип, киноны зураг авалтад орохдоо нүүрээ будуулдаг. Тухайн үед манай монголчуудын сайн таньдаг холливудын алдарт жүжигчин Корэй Фелдманы “Corey’s angels” агентлагийн шоуны оролцогсод болон өөрийнх нь нүүрийг будсан.
-Хамгийн сүүлд та Мик Милл болон Ники Минаж & Крис Брауны хамтын бүтээл “All eyes on you” дууны клипний зургийг авахад нүүр будагчаар ажилласан байсан. Одоо ямар уран бүтээл хийж байна вэ?
-Тийм ээ. Манай сургууль Крисийг анх гарч ирснээс нь хойш дэмжин, бүх клипнийх нь зураг авалтад оролцож, 5-6 жил хамтран ажиллаж байна. Тиймээс тэр энэ удаа манай сургууль дээр клипнийхээ бүх зургийг авахуулсан юм. Харин бид нүүр будагчаар нь ажилласан.
Дан ганц мэргэжлийн нүүр будагч байгаад зогсохгүй нүүр хувиргалтын олон төрөлд өөрийгөө хөгжүүлье гэж бодож байна. Тиймдээ ч air brush (багс хэрэглэхгүйгээр цахилгаанаар шүршиж будах урлаг)-аар суралцаж мэргэжлийнх боллоо.
Энэ нь хүнийг сайхан харагдуулаад зогсохгүй бүтэн биеийг нь хүртэл танигдахааргүй өөрчилж болдог. Одоо special effect буюу холливудын кинон дээр гардаг төрөл бүрийн шарх, сорви гээд аймшгийн зүйлсийг хийж сурахаар шамдаж байна.
Сурчихаад эх орондоо очиж, кино урлагийн энэ төрлийг дэлхийн хэмжээнд гарахад нь хувь нэмрээ оруулна гэж боддог. Мөн жижигхэн сургууль нээгээд сурсан мэдсэнээ бусдадаа хуваалцана. Би мөрөөдөх дуртай. Мөрөөдлийнхөө араас тэмцэх бүр ч дуртай.
Сурна гэсэн бол сурч байж санаа амардаг. Жаахан шазруун зантай гэх үү дээ. Өөртөө өндөр шалгуур тавьдаг. Гэхдээ мөрөөдөхөөсөө илүү үйл хэргээрээ түүнийгээ харуулахыг хичээдэг. Ам түрүүлж, үйлдэл ард хоцроход би дургүй.
Гэхдээ түүнээс өмнө өөрийнхөө сургуульд монгол оюутнуудаа авчирч, дадлага сургуулилалт хийлгэнэ. Бас тэдэнд хичээл заах, орчуулга хийх гээд сургуулиас даалгасан ажлууд байгаа. Одоо KD Айберт гээд жүжигчин бүсгүйн хувийн нүүр будагчаар ажиллаж байна.
Тэр 1990 оноос хойш Холливудын кинонуудад тоглож, өдгөө чамгүй дуучин болохоо харуулж, цомгоо ч гаргасан. Бидний сайн мэдэх “Хилэнцийн хаан”-ы гол дүрд тоглосон.
-Танай сургуульд монгол оюутан өөр бий юү?
-Сургуулийнхаа анхны Ази оюутан нь байсан. Намайг төгссөний дараа хоёр япон охин ирсэн. Монгол хүмүүс тууштай, бусадтай харилцахдаа сайн. Хийнэ л гэсэн бол хэлсэн амандаа заавал хүрдэг нь манай захирлуудын анхаарлыг татсан болов уу.
Тэд анхнаасаа л намайг “Мэдрэмжтэй, чамаас их зүйл гарна” гэж магтаж, урамшуулдаг байсан. Талби Винсент оюутнуудаа шахаж, өндөр түвшинд бэлддэг. Тиймээс өөрийгөө сорих янз бүрийн боломж бололцоог бидэнд нээж өгдөг.
Тэр үед нь нэлээд хэдэн даалгаврыг амжилттай биелүүлж, сургуульдаа багшлахаар болсон доо. Манай захирлууд янз бүрийн шоу, арга хэмжээнүүдийг надаар хөтлүүлнэ.
Тэгээд “Монголоос ирсэн, чадварлаг нүүр будагч бүсгүй” гэж зарлахад өөрийн эрхгүй эх орноо санаж, бас бахархдаг.
-Нэг сургуульд ажиллаж, нөгөөд нь сурдаг хэрнээ охид, бүсгүйчүүдэд нүүр будалтын болон гоо сайхны зөвлөгөө харамгүй өгдөг шүү дээ. Зөвлөгөөгөө өөрөө бэлддэг үү?
-Би бусдад тусалж, хэрэгтэй мэдээлэл өгч байгаа ч нөгөөтэйгүүр тэр хүмүүс надад үгээр хэлэхийн аргагүй урам зориг, сэтгэлийн дэм хайрладаг. Ямарваа нэгэн зүйл өгөө, аваатай байдаг шүү дээ. Бүсгүйчүүдтэй илүү амьд харилцаа үүсгэж, ойр байхын тулд бичлэг оруулдаг.
Цагийн зөрүү ихтэй, зав багатай болохоор хүмүүсийн асуулт тавьдаг цагаар би унтаж байх жишээний. Гэхдээ сэтгэл байхад бага зэргийн зав гардаг л юм билээ. Дэлгүүрт дугаарлаж байхдаа ч юм уу, моделио хүлээж байх зуураа аль болох олон охинд мэдээлэл өгчих юмсан гэж боддог.
Сургууль дээр сурсан мэдсэнээ зөвлөнө. Өөрөө туршиж үзээд үр дүнд хүрснийг нь бүсгүйчүүдтэйгээ хуваалцдаг.
-“Бэвэрли Хиллст болсон хаалттай үдэшлэгт та оролцсон байсан. Олон хүнтэй харилцдаг болохоор хэлний бэрхшээл гардаг уу?
-Манай сургуулийг телевизийн олон шоу, томоохон компани ивээн тэтгэдэг. Тэдний нэг болох үсний хайч, индүү гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Крок” (бренд) компанийнхан Бэвэрли Хилсст өнгөрсөн сарын 4-нд хаалттай үдэшлэг зохион байгуулсан.
Энэ нь зөвхөн Холливудын баячуудад зориулсан шоу байсан л даа. Тэнд оддын үсийг янзалсан. Нүүр будагч үс засдаг байх ёстой. Тиймээс энэ чиглэлээр сурч байгаа.
Монгол оюутнууд “Америкт сурмаар байна. Өөрийн чинь төгссөн сургуульд яаж орох вэ. Ямар шалгууртай вэ” гэж надаас их асуудаг. Хэлний асуудал маш хүнд. Манай сургуулийн оюутнуудын 90 орчим хувь нь унаган англи хэлтэй.
Энд хэлний бэлтгэл байхгүй учраас өөрсдөө ойлгосныгоо л сурна. Багш хэзээ ч давтаж хэлэхгүй. Тиймээс нүүр будагчаар гадаадад сурах гэж байгаа охид, бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд англи хэлээ маш сайн сураарай. Миний хувьд Америкт зургаан жил гаруй болж буй учраас асуудалгүй.
-“Би будах дуртай. Өөрийгөө янз бүр болгож тоглох нь надад эрч хүч өгдөг. Гэхдээ будаггүй царайндаа ямар ч сайхан харагдсан үеэсээ илүү хайртай” гэж та хэлсэн байсан.
-Охид, бүсгүйчүүд болохгүй, байхгүй зүйлдээ илүү хямарч, өөртөө итгэх итгэлээ алддаг юм шиг санагддаг. Америкт анх ирээд нүүрээ будсан эмэгтэй олж хараагүй. Холливудад л биш бол гудамжинд нүүрээ будсан хүн өдрийн од шиг.
Америкчууд өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндлэх ёстой гэсэн программ тархиндаа суулгасан байдаг. Эмэгтэйчүүд хөөрхөн бололгүй л яах вэ. Гэхдээ будагтай ч будаггүй ч өөрийгөө байгаагаар нь хайрлаж, үнэ цэнээ мэдрээсэй гэж хүсдэг.
Хүн өөрийгөө хайрлаагүй цагт гоо сайхны мэс засал хэдэн ч удаа хийлгээд сэтгэл хангалуун байж чаддаггүй. Тиймээс охиддоо багаас нь ямар үзэсгэлэнтэйг нь сануулж, байгаагаараа хайрлуулах ухаанд сургаарай.
-Нэг ширхэг гоо сайхны бүтээгдэхүүнээр нүүрээ буд гэвэл та юу сонгох вэ?
-Өө дарагч. Крем бол нүүрний өнгийг тэнцвэржүүлдэг. Харин өө дарагчаар гэрэл, сүүдэр ч тавьж болно. Их ядарсан үед нүдний доогуур хөхрөөд харлачихдаг. Надад ийм зовиур байнга илэрдэг болохоор би өө дарагчгүйгээр нүүрээ хэрхэн будахыг төсөөлөхгүй байна. Нүдний доод зовхи өнгөлөг байхад нүүр тэр чигтээ толигор харагддаг.
-Сүүлийн үед бүсгүйчүүд хөмсгөө маш их шивүүлэх болсон. Энэ нь хэр оновчтой юм бол?
-Охид энэ тухай байнга асуудаг л даа. Хөмсөгний тренд жил бүр өөрчлөгддөг. Жишээ нь энэ жил өргөндүү мөртлөө шовх сүүлтэй байхад ирэх онд шулуун гээд л.
Тиймээс шивүүлэхгүй байх нь хамгийн зөв. Шивээстэй хөмсөг овортой харагдуулдаг.
-Монгол эрс тэс уур амьсгалтай учраас амархан хөгширдөг гэж ярьдаг. Арьсаа яаж хамгаалах вэ?
-Олон бүсгүйчүүд үрчлээ тогтсон хойно нь “Яаж арилгах вэ” гэж асуудаг. Хэрвээ үрчлээ арилгадаг бүтээгдэхүүн байсан бол өнөөдөр хүн бүр толигор арьстай байх байлаа.
Үрчлээ нь арьс хуурайшиж эхэлснээс хойш олон жилийн турш үүсдэг. Тиймээс арьсаа байнга чийгшүүлэх хэрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүд арьс хуурайшлаа гээд өнгөн хэсэгт нь тос түрхээд л байдаг. Ямар ч үр дүнгүй. 25-аас дээш насныхан серум буюу ийлдсийг заавал хэрэглэх шаардлагатай.
Энэ нь арьсны гүнд очиж, гадна, дотноос нь чийгшүүлдэг. Батганы, үрчлээний, цайруулах гээд олон төрөл бий. Нэгэнт тогтсон үрчлээ арилахгүй.
Удаан хугацаанд арчилж, тордсоны дараа бүдгэрч, дахин үрчлээ гарахаас урьдчилан сэргийлдэг гэж ойлгож болно.
-Нууц биш бол Холливудад ямар ханшаар нүүр буддаг вэ?
-Төлбөр нь өндөр шүү. Дунджаар ханшийг нь хэлье. Энгийн будалт 75-100 ам.доллар, тайзны, гоёлынх 150-250, хуримынх 150-300, кинонд 200-800 ам.доллар, сэйт буюу фэйшн шоунуудынх үүнээс хоёр дахин өндөр үнэтэй. Хувийн нүүр будагч нар өдрөөр цалинждаг. Хүн хүнээсээ хамаараад өөр. Өдөрт нэг цаг ажилласан ч цалингаа бүтэн авдаг. Мундагууд ганцхан будалтаар 3000 ам.доллар авах нь ч бий.
О.БАТ-УНДРАХ