Олон улсын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил, нийгэм болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилготой Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) 1945 оны аравдугаар сарын 24-нд Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. Өдгөө эгнээндээ 193 орныг багтаасан эл байгууллагын 70 жилийн ойн хүрээнд ирэх есдүгээр сард дэлхийн тэргүүлэгч орнуудын тэргүүнүүдийн дунд халз “тулаан” болно гэж “The Guardian” мэдээлжээ. НҮБ-ын ерөнхий ассамблейд В.Путин, Б.Обама, Ф.Олланд, Си Зиньпин гээд олон улсын төрийн тэргүүн нар оролцож, олон улсын эрх ашгийн талаарх байр сууриа илэрхийлнэ. Мөн эл ойн хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээний нэг нь дэлхийн өнцөг булан бүрт сурч буй оюутнуудын дунд зарласан эссе бичлэгийн уралдаан юм. “Нэг дэлхий-Олон хэл соёл 2015” сэдвээр НҮБ-ын албан ёсны хэл англи, араб, испани, хятад, орос, франц хэлээр бичсэн эссений уралдааны дүн ирэх аравдугаар сард гарах юм байна.