Монголын урчуудын эвлэлийн хорооноос “Морь” сэдэвт уран баримлын уралдаан зарлажээ. Тус хороог зорин ирсэн зочдод эл бүтээлийг бэлэглэх зорилготой бөгөөд хүссэн уран бүтээлч бүр эх загвар шалгаруулах уралдаанд оролцож болно. Мод, керамик, гипс болон бүх төрлийн металлаар энэ баримлыг хийхийг зөвшөөрсөн юм билээ. Баримлын өндөр нь суурьгүйгээр 12 см байх ёстой гэнэ. Шилдэг бүтээлийг “Намар” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тодруулж, нэг сая төгрөгөөр урамшуулах бол шагналт арван байрыг тодруулж 100 мянган төгрөг өгөх гэнэ.
Уралдаанд оролцох бүтээлийг есдүгээр сарын 20 хүртэл МУЭ-ийн хорооны байранд хүлээн авах аж.