Рок попынхон дундаа хоолойны цар хүрээ сайтай хэмээн үнэлэгддэг гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог одоогоос гурван жилийн өмнө “Дуучин болсноосоо хойших бүх уран бүтээлээ дахин шинэчлэн найруулж, шүүн тунгааж, бие даасан таван цомог гаргана” хэмээн шуугиулж байв.
Тэрбээр саяхан “Би монгол хүн” хэмээх цоо шинэхэн цомгоо өлгийдөн авсан. Түүнтэй холбогдож, энэ талаар тодрууллаа.
-“Би монгол хүн” хэмээх шинэхэн цомгийнхоо талаар ярихгүй юу?
-Олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа чамгүй зарцуулсан учир чанартай бүтээл болсон гэж дүгнэж байна. Уран бүтээлийн аялгуу нь ойртоно гэж байдаг.
Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд ойрхон давтамжтай байх тусам аялгууны хувьд төстэй, сул бүтээлүүд гардаг. Тиймээс нэлээн хугацаа зарцуулж байж уг цомгоо гаргалаа.
Жаз, поп болон “Хөх тэнгэр” хамтлагийн гээд гурван өөр урсгалын 10 дуу багтсан. Уг нь тус тусад нь цомог гаргахаар төлөвлөж байсан. Үүнийгээ болиод, таван цомгийн эхний гурвыг нэгтгэж, сонсогчдодоо хүргэлээ.
-Тэгэхээр тав биш гурван цомог гарна гэсэн үг үү. Дараагийн хоёр цомог хэзээ гарах бол?
-Тийм ээ. Дараагийн цомгууд бэлэн болчихсон. Худалдаанд гаргах хугацаа нь одоохондоо тодорхой бус байна.
-Цомгийн нэр сонирхол татлаа. Яагаад “Би монгол хүн” гэж нэрлэсэн бэ?
-Цомогт том Жагаа ахын зохиосон “Би монгол хүн” нэртэй дуу орсон. Энэ үнэхээр сайхан бүтээл. Бас ихэнх дуунд эх орон, монгол хүн тэр дундаа монгол эр хүний тухай өгүүлэх учраас ингэж нэрлэсэн.
-Энэ зун нэлээн завгүй байсан бололтой. Өөр ямар ажил амжуулав?
-Нэг анд маань цус харваж, тархины саажилттай болсон. Тэгээд өөртэйгөө зовлон нэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг, тэднийг эмчилдэг төв нээсэн.
Энэ хүмүүст урам зориг өгөх, сэтгэл санааг нь сэргээх зорилготойгоор нэгэн дуу зохиосон. Дуу бэлэн болсон ч хараахан цацаагүй байна.
Мөн энэ зун Европын орнуудаар аялан тоглоод ирсэн. Эх орондоо ирээд аймаг сумын ойн баяруудад ая дуугаа өргөөд, завгүй байлаа.
Ж.НАРАН