Үлэг гүрвэлийн өлгий нутаг болох Өмнөговийн иргэд аймагтаа нүүдэллэж яваа үлэмж биетнүүдтэй танилцаад завгүй байна. “Монголын динозавр судлалын хүрээлэн” ТББ тус аймагт үлэг гүрвэлийн нүүдлийн музейгээ дэлгэснээр өмнийн говийн иргэд элин галвын үед нутагт нь амьдарч байсан амьтадтай танилцах боломж олдсон аж. 2007 онд байгуулагдаж, палеонтологийн шинжлэх ухааны гайхамшгийг олон нийтэд таниулан сурталчлах, мэргэжилтэн бэлтгэх, хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг эргүүлэн авчрах талаар Засгийн газартай хамтран ажиллах зорилготой уг төрийн бус байгууллага нүүдлийн музейгээ динозаврын цаг үе, эрин үе, динозавр шувууны гарал үүслийн холбоо гэсэн гурван хэсэгтэйгээр зохион байгуулжээ.