Одоогоос 70 жилийн тэртээ Монголын ард түмэн, Монгол Ардын Хувьсгалт Цэргийн дайчид дэлхий дахинаа аюулын харанга дэлдсэн хоёрдугаар дайныг дарж, Азийн улс орнуудыг Японы түрэмгийлэгчдээс хамгаалж, даян дэлхийд энх тайван байдал тогтоох үйлсэд Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж байсан гавьяатай.
Үүнийг түүхэнд “Чөлөөлөх дайн” хэмээдэг. Монгол цэргийн дайчин уламжлал, олон зуун жилийн ялалтыг баталгаажуулсан 1945 оны Чөлөөлөх дайны түүхэн ойн баярыг манай улс Хятад, Орос болон дэлхийн бусад улсын хамт энэ жил өргөн тэмдэглэж байгаа билээ.
Энэ хүрээнд Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архив, Монгол цэргийн музей, Дуулга студи хамтран тус дайны түүхийг өгүүлэх “Бид ялав” үзэсгэлэнг нээлээ.
Үзэсгэлэнд чөлөөлөх дайнаас төрсөн баатарлаг дайчид, дайны хүнд хэцүү цагийг харуулсан гэрэл зургууд, тухайн үед хэрэглэж байсан цэрэг дайны зориулалттай буу, гар миномёт, цэргийн дүрэмт хувцас, дуулга, телефон аппарат, чөлөөлөх дайны явц, төгсгөлийн тухай илтгэл мэдээ, байлдааны бэлтгэл үеийн тактикийн төлөвлөгөөт газрын зураг зэрэг түүхэн үйл явдлын тухай мэдээ мэдээлэл, түүхийг өгүүлэх олон сурвалжийг толилуулжээ.
Тодруулбал, гэрэл зураг 100, баримт бичиг 20, газрын зураг зургаа, эд өлгийн дурсгалт зүйл 76 байв. Мөн музейн гадна сааданд танк, хөнгөн хуягт, байлдааны цагдаа сэргийлэхийн машин зэрэг зэвсэг байлдааны 18 техник байрлуулжээ.
Эдгээр нь тус музейн сан хөмрөгт хадгалж байсан бүтээлүүд аж. “Өнгөрсөн жил тохиосон Халх голын ялалтын түүхт 75 жилийн ойн баяраас хойш бид чөлөөлөх дайныхаа түүхийг эргэн харж, судаллаа.
Судалгааныхаа бүтээлийг олон түмэнд хүргэх, хойч үеийнхэндээ таниулан сурталчлах, түүхэн ялалтыг алдаршуулах зорилгоор уг үзэсгэлэнг дэлгэж байна” хэмээн тус музейн захирал, хурандаа Г.Золзаяа хэллээ.
Музейн хамт олон ойн баярыг угтаж нэгэн шинэ ажил хийсэн байна. Тэд чөлөөлөх дайнд оролцож явсан эгэл баатруудыг судлан тогтоож, тэдний гавьяаг энэ үзэсгэлэнд мөнхөлжээ. Хэдий баатар цолоор шагнуулаагүй ч эх орон, газар шорооныхоо төлөө баатарлагаар тулалдаж явсан эдгээр хүний гавьяаг бид мартах учиргүй билээ.
Мотомеханикжуулсан долдугаар хуягт тусгай бригадын нэгдүгээр мотобуудлагын батальоны дарга Л.Сосор, тавдугаар морь дивизийн 28 дугаар морьт хорооны байлдагч Б.Алтангэрэл, МАХЦ-ийн Дуу бүжгийн чуулгын жүжигчин Д.Александр нарын тухай баримт материал, анх Жанчхүүгийн даваанд Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалд зориулан босгосон хөшөөний шинэчлэл гэрэл зураг зэрэг үзэгч олны сонирхлыг татсан зүйл энд олон буй.
Үзэсгэлэнг энэ сарын 19-нд Сүхбаатарт, 21-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод, 28-нд Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд дэлгэх юм байна.