Монголын залуучуудын холбоо болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол модель” агентлагийн хамт олон “Mongolian Fashion Festival”-ыг энэ сарын 31-нд 18 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж буй талаараа мэдээлэл хийлээ.
Усан дээр үзүүлэх энэ загварын шоунд тус агентлагийн шинэ залуу, шилдэг загвар өмсөгчид оролцох бөгөөд Люмино, Vanquish, Опозит, Киви, Honeymoon хамтлаг, дуучин Дандий, Цэцээ нар ирж уран бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барих аж. “Mongolian Fashion Festival” шоу задгай талбайд болж байгаа учир хүссэн хүн бүр үзэх боломжтой юм байна.
“Монгол модель” агентлагийн гэрээт загвар өмсөгч П.Тэмүүжингээс шоуны талаар дэлгэрүүлсэн юм.
-“Mongolian Fashion Festival” шоуны гол зорилго юу вэ?
- “Хамгийн ганган хувцасаа өмсөөд паркд уулзацгаая” уриатай шоу маань залууст сайхан хувцаслах чиг хандлагыг харуулж чадах болов уу гэж бодож байна. Мөн залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой юм.
-Усан дээрх шоу гэж тодотгосны учир нь юунд оршиж байна. Шоуны гол онцлог нь юу вэ?
-Шоуны гол онцлог тайз засалтад байгаа. Тайзнаас тодорхой хэмжээний ус давж гарсан байх юм. Ингэснээр загвар өмсөгчид яг л усан дээр явж буй мэт харагдана. Энэ зун маш олон шоу зохиогдож байгаа ч загварын шоу гэдэг утгаараа бас онцлогтой. Мөн Киви хамтлагийн Ука энэ шоунд зориулсан дууг дуулж байгаа бөгөөд загварын шоунаас гадна олон үзүүлбэрийг үзүүлэхээр бэлдээд байна.
-Уг шоунд дан ганц “Монгол модел” агентлагийн загвар өмсөгчид оролцох уу?
-“Монгол модель” агентлагаас гарсан үе үеийн бүх топууд оролцоно. Түүнчлэн удахгүй дэлхийн миссийн тэмцээнд явах Н.Ану болон “Говь” ХК-ийн нүүр царай болсон моделиуд алхах юм.
-Усан дотор тайз засахад амаргүй байх. Мөн загвар өмсөгчдөд ч гэсэн бэлтгэл хэрэгтэй болно. Үүнийг хэрхэн шийдэж байна?
- Тайзыг Германы мэргэжилтнүүд засна. Бид аюулгүй байдлыг бүрэн хангасан учир ямар ч бэрхшээл гарахгүй гэж найдаж байна.
-Моделиуд нийт хэдэн төрлийн брэндийн загварыг танилцуулах вэ?
- Эрэгтэй брэндээс зөвхөн “Sergio” –г л танилцуулах бол эмэгтэйгээс “Мax mall”, болон үндэсний зарим кашмеруудыг танилцуулна.
-Энэ үеэр амьд хөгжмийн тоглолт хийнэ гэж сонссон. Залуус загвар үзэхээс гадна чөлөөтэй бүжиглэх боломжтой юу?
-Монголд ихэнх загварын шоу VIP орчинд л болж, үзэгчид урилгаар зааланд сууж үздэг байсан бол энэ шоу тэс өөр гэдгийг онцолмоор байна. Хүсвэл 5000 хүртэлх залуус энэ шоунд ирж болно. Загвар үзүүлэхээс гадна амьд хөгжмийн тоглолт болон электрон, хип хоп хөгжмийн завсарлагатай учир хөлсөө гартал бүжиглэх боломж бүрэн бий.
Дашрамд дурдахад, 2013 онд Монголд анх удаа дизайнер Ариунаа Сүри усан дээрх олон улсын загварын шоуг Италийн шоу зохион байгуулагч агентлагтай хамтран хийж байсан билээ.