Спорт түүнийг тэвчээртэй, зорилго тэмүүлэлтэй болгосон. Харин урлаг түүний уян зөөлөн, мөрөөдөмтгий, гэнэн төрхийг нь нээж таниулах болов уу. Спортын хорхойтнууд А.Жаргалыг таних биз ээ. Талбайн теннисний улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлж, өнгөрсөн жил Инчоны Азийн наадам болон саяхан БНСУ-д болсон оюутны наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан А.Жаргал дуулах дуртай гэсэн. Долоон настайгаасаа теннис тоглож 18-тайдаа Америкийн шилдэг тамирчдын жагсаалтын 44 дүгээрт бичигдэж байсан тэрбээр өдгөө Чикагогийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр сурдаг. Мөн Иллинойс муж болон Америкийн оюутнуудын дунд зохион байгуулдаг олон тэмцээнд сургуулиа төлөөлөн оролцдог аж. Багаасаа дуулах хүсэлтэй байсан ч, чин зорилгоосоо ухралгүй, амжилт үзүүлэхийн төлөө бүхнээ зориулсан гэсэн. Харин сонирхлоороо гадаад болон Монголын хамтлаг дуучдын дууг коверлож, бичлэг хийгээд youtube-т нийтэлдэг байснаар түүнийг олон хүн мэдэх болжээ. Тэр ч бүү хэл хөгжмийн продюссер Рагу түүнд дуучин болох ирээдүй бий хэмээсэн байна. Зуны амралтаараа эх орондоо ирээд буй Жэки буюу А.Жаргал “Хайр” нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болголоо. Дууны аяыг Ошингрей зохиож, шүлгийг нь Энэрэл бичиж, “Solomedia” студийнхэн дүрсжүүлжээ.
-Тамирчин, дуучин бас эдийн засагч гээд олон тодорхойлолт А.Жаргалыг дагах нь. 21 настай, залуу хүн гэхэд ихийг амжуулжээ. Яагаад эдийн засагчаар сурах болов?
-Би долоон настай байхаасаа теннис тоглосон. Бас багаасаа дуулах дуртай байсан. Дандаа л урлаг, спорт гэж явдаг ч мэргэжлээ илүү нухацтай бодож сонгосон. Бас ээж, аав ч зөвлөсөн юм. Одоо удахгүй төгсөнө.
-Сургуулийнхаа нэрийн өмнөөс тэмцээнд оролцож, амжилт гаргадаг болохоор шилдэг оюутнуудын тоонд багтдаг байх даа.
-Байнга тэмцээнд оролцдог. 100 хувийн тэтгэлгээр сурдаг.
-АНУ-ын сургуультай анх яаж холбогдов?
-Би 4-5 жилийн дотор АНУ-д болсон бүх тэмцээнд оролцож, хотуудаар аялсан. Тэмцээнд сайн оролцох бүрт тамирчид оноо цуглуулдаг. Илүү өндөр оноотой бол чансаа дээшлэхээр л сургуулиудаас санал ирүүлдэг. Тэгээд өөрөө сургуулиа сонгоод орсон. Америкт теннис өндөр хөгжсөн. Европын тамирчид хүртэл тэнд очиж бэлтгэлээ хийдэг.
-Дуулахыг хүсдэг байсан ч зорилгодоо хүрэхийн тулд түр хойшлуулсан байв уу?
-Тийм ээ. Хүн нэг зүйлдээ тууштай байж амжилт гаргах ёстой. Би дуулахыг хүсдэг ч ээж минь зөвшөөрдөггүй байсан. Харин одоо бол нээлттэй. Спорт надад тэвчээр, хатуужил өгч, хэцүү бэрхийг давах сэтгэлийн тэнхээтэй болгожээ. Бас ачаалал сайн даадаг. Тийм болохоор уран бүтээлч болоход ч эдгээр чанар нөлөөлөх байх. Би жаахан ичимхий л дээ. Тийм болохоор сэтгэлийнхээ илэрхийллийг дуугаар хүргэдэг. Бас олны өмнө дуулахаар илүү эрч хүч авдаг юм шиг санагддаг. Чикагод монголчуудын олон арга хэмжээ болдог болохоор би тэнд очиж дуулах дуртай.
А.Жаргал өөрийнхөө уран бүтээлийн нэрийг Жэки гэж сонгосон байна лээ. Ихэвчлэн хуучны дуунууд сонсож, дагаж дуулах дуртай боловч хойшид өөрийгөө таниулах олон дууг сонсогчдын хүртээл болгоно гэсэн. Мөн англи, монгол хэлээр аль алинаар нь дуулахаар зорьж байгаа учраас саяхнаас дуулаачийн хичээл заалгаж байгаа аж.