Залуу зураач О.Золбоотөгөлдөр, Б.Номин нар “Арти коур” галерейд үзэсгэлэнгээ дэлгэжээ. Танхимд ороход нэгэн зураг нүдэнд шууд туслаа. Энэ нь Б.Номингийн “Хар цагаан” хэмээх бүтээл юм. Тавцан дээр хөлөө унжуулан суух охин. Хөл доор нь хөглөрөх олон өнгийн оймс. Оймснууд яг л далай шиг харагдах аж. Энэ бол зураачийн шийдэл юм байна.
Тэрбээр “Хүүхэд насаа үдэж, амьдралын их далайд хөл тавих үеийг дүрсэлсэн” гэж үүнийг тайлбарлав. Магадгүй энэ олон өнгийн оймсоор хүний амьдралыг элээж дуусах цаг хугацаа, амьдралын эрээн барааныг илэрхийлсэн байх. Эхний бүтээлээс нүдээ салгаж амжааг үй байтал өөр нэгэн зураг анхаарал татав. Элдэв шүр сувд, эд зүйлээр чимэглэсэн хотын барилгуудын дээр чихээ даран суух бүсгүй. Тэрбээр хотын хөл үймээн, чимээ шуугианаас залхсан мэт харагдана. Зураг ярьдаг бол тэр бүсгүй ингэж л хэлэх байх гэж санагдсан шүү.
Үүлний сүүдэр даган ургаж буй ургамал ногоо, хойд хормой нь урагдсан ч толинд харж зогсох бүсгүй гээд энэ мэт хачирхалтай дүрслэл бүхий зураг олон байна. Зураач Б.Номин санаагаа өвөрмөц байдлаар илэрхийлдэг бол О.Золбоот өгөлдөрийн хувьд бүтээлүүд нь маш энгийн шийдэлтэй бөгөөд хүн, байгалийн холбоог дүрсэлсэн нь цөөнгүй. Тэдний аливааг харах өнцөг их л жигтэй юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Ямар нэгэн уран бүтээл тухайн эзнийхээ санаа бодол, дотоод ертөнц, хийгээд тухайн цаг үеийнхээ тусгал болдог гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр уг үзэсгэлэнгийн бүтээлтэй танилцсанаар хоёр өөр уран бүтээлчийн сонирхолтой ертөнцөөр аялах юм.