“MICHEL & AMAZONKA”нэрээр танигдаж буй эгч дүү дизайнерууд гялгар уутны хэрэглээг багасгаж, халах зорилгоор байгальд ээлтэй даавуун тор урлан худалдаанд гаргажээ. Тэд тор худалдсан бүх орлогоо дутуу төрсөн хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлах гэнэ.
Дэлхий дахинд хүмүүсийн өдөрт бий болгодог хог хаягдлын 30 хувийг гялгар уут дангаараа эзэлдэг. Ил хаясан гялгар уут хүний дундаж насаар гурван үе амьдрах хугацааны дараа нь устаж үгүй болдог бөгөөд тухайн орчиндоо химийн хорт бодис ялгаруулан оршдог аж.
Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын 500.000 өрх өдөр тутмын хүнс, хэрэглээний зүйлсээ худалдан авахдаа нэг жилд 2.400.000.000 төгрөгийг гялгар уутанд зориулдаг. Энэ нь 150 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг барих хөрөнгөтэй дүйцэж байгаа юм.
Байгальд ээлтэй тор 5000 төгрөгийн үнэтэй.