Бүжгийн урлагт хөл тавьж буй залуус, хүүхдүүдийн авьяасыг сорих зорилгоор Сөүл хотноо зохион байгуулагддаг нэгэн тэмцээнд монгол хүүхдүүд амжилттай оролцож, “Улаанбаатар” чуулгын дэргэдэх балетын студийн сурагч С.Нямжаргал хоёр, Г.Лхам гурав, хөвгүүдийн ангилалд ХБК-ийн сурагч М.Тэлмэн гуравдугаар байрын шагнал хүртжээ.
Орон нутгийн чанартай эл тэмцээний үеэр хүүхдүүдэд зориулан контемпорари бүжгийн богино хугацааны сургалт явуулж, мэдсэн сурснаар нь мөн өрсөлдүүлдэг аж. Монгол хүүхдүүд контемпорари бүжгийн тэмцээнд нэгдүгээр байрын шагнал хүртэж, багш нарыгаа баярлуулсан байна. Эдгээр хүүхдүүд балетын урлагаар таван жил хичээллэж байгаа аж.