“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрч буй долоо хоногт 16 цэгт нийслэл хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хана, талбайг гурван хэмжээст зургаар чимж, засварлан тохижуулах ажил хийж дууссан билээ.
Харин энэ удаа Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн гадна хэсгийг үндэсний соёлыг илтгэсэн монгол зургаар чимжээ.
Дашрамд дурдахад, тус музейн үзмэр “Google Street View” санд орсон. Ингэснээр дэлхийн аль ч өнцөг булангаас цахим сүлжээгээр дамжуулан гадаадын жуулчид "Google" дэхь тус музейн үзмэрүүдтэй танилцаж, аялах боломжтой болж буй. Энэ нь гадаадын жуулчдад эх орноо сурталчлахад багагүй нөлөөлнө хэмээн тус санд нэгдсэн Богд хааны ордон музей, Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музейн удирдлагууд үзэж буй. Нийт 200 гаруй соёлын зүйлс 20 дижитал үзэсгэлэнг "Google"-ийн соёлын хүрээлэн өөрийн сандаа байршуулжээ.