“Энэтхэг орныг сурталчилж байгаа юм биш шүү. Гэхдээ би тэндээс л Буддын шашныг ойлгодог болсон. Манайхан бурхан шүтэж байгаа нь энэ гээд ганданд мөнгө төлөөд ном уншуулж, хувь заяагаа даатгадаг нь утгагүй хэрэг шүү. Би ер нь туйлширсан зүйлд дургүй” хэмээн дуучин Б.Маралжингоо ярив. Чадалтай хоолойтой хэмээн магтуулдаг ч, уран бүтээл хийхгүй байна гэж шүүмжлүүлдэг түүнийг энэ удаагийн “Ням гаригийн зочин”-доо урьлаа.
-Удахгүй шинэ цомгийн нээлтээ хийнэ гэж сонслоо. Нэлээд дуншсаных онцгой бүтээл зэхсэн биз дээ. Энэ Таны хэд дэх цомог вэ?
-“В” продакшнаас гарснаас хойш бие даасан уран бүтээлч болсон. Энэ хугацаанд багагүй туршлага хуримтлууллаа. Би одоо уран бүтээл болгон дээрээ нэг бүрчлэн ажиллаж байна. Хайнга загналаа, уран бүтээл гаргасангүй гэх шүүмжлэлээс удахгүй мултрах байх гэж найдаж байна шүү (инээв). 2012 оноос ая зохиогч, продюсер Ганг, дуучин Daisy хоёртой хамтарч ажилласан. Долоон дуутай шинэ цомог маань энэ хавартаа багтаад гарна. Энэ миний бие даасан хоёр дахь цомог болох юм. Шинэ цомогт багтсан дуу бүрийнхээ ая, утга санааг өөр байлгах гэж хичээсэн. Гэхдээ өөр байлгахын тулд “амьгүй” зүйл хийгээгүй шүү.
-Тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?
-Саяхан “Өөрийнхөө зүгт” дуугаа гаргасан. Цомгийн дуунуудаа клипжүүлчихээд тоглолт хийнэ гэж бодож байгаа. Би ямар нэгэн улирлыг хөгжмөөр төсөөлөх дуртай. Жишээлбэл, өнгөрсөн зуныг дурсахаар ихэвчлэн хуучны дуу санаанд ордог. Учир нь би аавтайгаа хөдөө амарсан юм. Аав маань The Doors, Pink Floyd хамтлагийн хуучны дуунуудыг сонсдог. Зөөлөн салхи, ногооны үнэр, аавын яриа, хуучны дуу сайхан зохицол байгаа биз. Харин энэ удаа хүмүүс миний шинэ цомгийн дууг сонсоод хаврын улирлыг төсөөлж байгаасай гэж хүссэн юм. Тоглолтоо ч бас дулаан улиралд хийнэ байх.
-Залуус эцэг эхтэйгээ хамт аялалд гарах нь ховордсон цаг шүү дээ. Тэгэхээр таны аав охиноо уйдаадаггүй хүн бололтой. Ямар мэргэжилтэй хүн бэ?
-Гаалийн байгууллагад ажилладаг. Гэхдээ манай гэрийнхэн бүгд хөгжимд хайртай. Нохой маань хүртэл хөгжим сонсох дуртай. Зарим хүн бухимдсан үедээ хөгжим сонсохоос татгалздаг бол аав минь ямар ч үед хөгжмөө орхидоггүй. Урлагийн, гоо зүйн өндөр мэдрэмжтэй учраас аливаа зүйлд тайван ханддаг, ухаалаг хүн. Энэ нь дүү бид хоёрын ертөнцийг үзэх үзэлд сайн нөлөө үзүүлсэн гэж боддог.
-Ертөнцийг үзэх үзэл гэснээс их багаасаа урлагийн тайзнаа гарсан болохоор тань сонирхлоо. Таны үзэл бодол хэр их төлөвшсөн гэж боддог вэ?
-Хэлж мэдэхгүй байна. Би үргэлж суралцаж, шинэ зүйл рүү тэмүүлэхийг хүсдэг. Одоохондоо төлөвшихөд эрт байна. Гэхдээ 30 нас хүрэхээсээ өмнө хүнтэй сууж, хүүхэд гаргаад эцэг эх шигээ сайн сурган хүмүүжүүлэгч болно гэж боддог. Манай гэрийнхний ертөнцийг үзэх үзэл, бодол санаа их өвөрмөц. Гэхдээ хийсвэр, гаж биш л дээ.
-Нохой чинь бас хөгжим сонсдог гэхээр урлагийн мэдрэмжтэй байх нь?
-Нохой минь надтай хамт 10 жилийг өнгөрүүлж байна. Манайд урилгагүй ирсэн болохоор ямар үүлдэрийн нохой болохыг нь мэдэхгүй. Хав л байх. Тэр нь манайханд хамаагүй учраас судалж ч үзээгүй. Гэхдээ одоо нохойныхоо талаар ярихад тохиромжгүй байх аа.
-Дуучин Маралжингоог уул уурхайн чиглэлээр сурдаг гэхээр хүмүүс бараг мэддэггүй юм билээ. Сургуулиа төгссөн үү?
-Төгсөж амжаагүй л байна. Цомгоо гаргачихаад гадаад руу сурахаар явна. Гэхдээ уран бүтээлээсээ хэзээ ч хөндийрөхгүй. Ер нь залуу хүмүүс сонирхол, боловсрол хоёроо хослуулж ажиллах хэрэгтэй. Одоо цаг үед дан ганц урлагийн салбарт ажиллаж, амьдарна гэдэг хийсвэр ойлголт болсон. Шинэ, залуу уран бүтээлчид зөвхөн дуу дуулж, хөгжим тоглоод сайхан амьдарна гэдэг боломжгүй байх.
-Ийм шалтгаанаас болж шинэ уран бүтээлчдэд олон бэрхшээл тулгардаг байх. Т.Эгшиглэн, Э.Агиймаа та гурав чимээ шуугиантай гарч ирсэн дуучид. Гэтэл шинэ уран бүтээл ховор гаргах юм?
-Т.Эгшиглэн, Э.Агиймаа бид гурав нэгэн үеийн уран бүтээлчид. Би хоёуланд нь хайртай, хоёулаа миний найз. Т.Эгшиглэнтэй бүр дотно найзалдаг. Магтаал, шүүмжлэл хоёр зэрэгцэн оршдог учраас тэнцүүлж дааж явахыг хичээдэг. Өөрийнхөө уран бүтээлийн талаар дээр дурдсан. Харин нөгөө хоёрын хувийн амьдрал, санхүүгийн асуудлыг би мэдэхгүй. Ямартай ч хоёулаа шинэ уран бүтээл хийж байгаа гэж сонссон.
-Та 15 настайдаа урлагт хөл тавьсан. Одоо бол туршлагатайд тооцогдох уран бүтээлч болсон байх. Шинэ уран бүтээлчдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Чадалтай хоолойтой охид, залуучууд олон байна. Би дуулах ур чадварын талаар тэдэнд зааж, зөвлөхгүй. Учир нь бүгд өөр өөрийн стильтэй байгаа. Хамгийн гол нь бусдаас ялгарах хэрэгтэй гэж боддог. Одооны залуучууд Солонгос дуу, хөгжмийг их сонсож байна. Үүнийг үгүйсгэхгүй ч хэт туйлшрахгүй байвал зүгээр.
-Дуучин Daisy таныг Amywhine house-тай төстэй гэсэн. Мөн дуучин Д.Болд таны хоолойг Mariah Carey-гийнхтэй адилтгасан. Харин та өөрийгөө хэнтэй нь төстэй гэж хэлэх вэ?
-AmyWhine house чадалтай хоолойтой мундаг дуучин байсан. Би түүний олон зүйлд дуртай. Түүнд хайртай, дууг нь сонсох дуртай фенүүдийнх нь нэг би. Гэхдээ гадаад үзэмж, зан чанараараа бид хоёр өөр байх. Харин Д.Болд ах намайг Mariah Carey-тэй адилхан хоолойтой гэсэн бол түүнд “Баярлалаа” гэж хэлмээр байна.
-Та хүмүүсээс янз бүрийн магтаал олныг сонссон байх. Мартагддаггүй урмын үг, магтаал бий юу?
-Олон хүнээс магтаал сонсдог. Гэхдээ ээжийнхээ үгэнд л их баярладаг. Хамгийн үнэн санагддаг болохоор тэр биз. Бусдыг нь худлаа магтдаг гэж хэлээгүй юм шүү. Намайг сайн мэддэг хүн л үнэнийг хэлнэ. Багаасаа дуулсан учраас магтаал, шүүмжлэлээс авахыг нь авч, хаяхыг нь хаядаг болсон. Шүүмжиллээ гээд сэтгэл санаагаар унаж, гомддог үе ард өнгөрчээ.
-Урлагийн өөр ямар төрлийг сонирхдог вэ. Төгөлдөр хуур тоглодог гэж сонссон?
-Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуур тоглож сурсан. Багаасаа хичээллэсэн болохоор үр өгөөжийг нь их хүртсэн. Мөн ном унших дуртай. Зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын номууд үнэхээр гайхалтай. Тэр тусмаа Л.Өлзий эгчийн номыг уншихаар бүх хүнд итгэмээр санагдаж, өөдрөг үзэлтэй болдог. Хүн бүхэн сайхан сэтгэлтэй юм шиг санагддаг. Уран зураг сонирхдоггүй хүн гэж бараг байхгүй байх. Би зураачдын бүтээлээ тайлбарлаж буй яриа болон бичсэн зүйлсийг нь унших дуртай. Би бас шүлэг бичдэг. Өөрийнхөө бичсэн шүлгээрээ дуу гаргах төлөвлөгөө бий. Өөрийгөө их мэдрэмтгий гэж боддог. Гоё кино, дуу, хөгжимд автахдаа гарамгай.
-Сэтгэл санаагаар унасан үедээ яаж тайвширдаг вэ?
-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдэд өнгөрсөн зун очсон юм. Зуны улиралд жуулчин их байдаг боловч намайг тэнд очиход нэг ч хүн байгаагүй. Өглөө эрт хийд орж мөргөчихөөд, Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номыг уншсан. Амар амгалан байдлыг тэр үед л мэдэрсэн. Номоо уншсаар байгаад орой болсныг ч мэдээгүй байсан. Ядарч, сэтгэл санаагаар унахаараа яг тэр Эрдэнэзуугийн амар амгалан руу очмоор санагддаг. Дуу сонсохгүй мөч гэж байхгүй учраас сэтгэл санаагаар унасан үедээ ч дуугаа л сонсоно.
-Хөдөө их явдаг юм шиг санагдлаа. Байгальд ойр байвал уран бүтээлчдийн онгод хөглөгддөг гэдэг байх аа?
-Санал нэг байна. Хотжилт эерэг, сөрөг нөлөөтэй. Гэхдээ одоо муулж, сайлаад хэрэггүй биз. Аялах дуртай болохоор зав гарвал хөдөө явдаг. Бага байхдаа хөдөө явах замдаа машины цонхоор гараа гаргаж дуулах дуртай хүүхэд байсан. Тэгэхээр хөдөөгийн замд дуулах сонирхлоо олсон гэж боддог.
-Хэр их шүтлэгтэй вэ?
-Мухар сүсэгт дургүй. Буддын сургаальтай ном унших дуртай. Мөн Ошогийн ном, яриа, сургаалиуд их таалагддаг. Үнэмшилтэй, амьдралд ойр санагддаг юм. Саяхан Энэтхэг яваад ирсэн. Тэнд л шашин, шүтлэгийн талаар бага зэрэг ойлголттой болсон.
-“Би нисдэг охин” тайз дэлгэцийн монологийн дууг Та дуулсан. Өсвөр насны охидын жирэмслэлт, хүчирхийллийн сэдэвтэй байх аа?
-Энэ бол нийгмийн эмзэг сэдэв яахын аргагүй мөн. Би бусдын л адил үүнд эмзэглэдэг. “Би нисдэг охин” монологийн дууг олон уран бүтээлчид дуулсан. Хотжилт эерэг, сөрөг нөлөөтэй гэж дээр хэлсэн. Сөрөг талынх нь нэг жишээ энэ байх.
-“Би” гэх үзлийн талаар ямар бодолтой байдаг вэ. Хотожсон, даяаршсан нийгэмд дүр эсгэж амьдрагсад олширч байх шиг?
-Төлөвшсөн хүмүүст дүр эсгэх шаардлага байдаггүй гэж боддог. Би арай төлөвшөөгүй байгаа гэж хэлсэн. Гэхдээ дүр эсгэхийг хүсдэггүй. Өөрийнхөөрөө байх дуртай ч дүр эсгэсэн хүмүүсийг буруутгахгүй. Хэнд ч тийм шаардлага гарч болно шүү дээ.
Э.НЯМДУЛАМ