Монгол залуучууд дэлхийн өнцөг булан бүрт алдраа дуурсгаж, хийсэн бүтээсэн зүйлээрээ бусдад үлгэр жишээ болно гэдэг бахархал юм.
Зохиолч П.Ууганбаяр Лондон болон Шотландад ажиллаж амьдраад 14 жил болж байгаа. Монгол гэдэг үгийн олон улсад тархсан сөрөг утгыг зогсоож, зөв утга буюу зөвхөн Монгол Улс, үндэстэн, хэл соёлыг хэлэх ёстой гэдгийг дэлхий нийтэд таниулах гэж хичээн, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй.
Тэрбээр өөрийн “Монгол” номоороо дамжуулж дэлхийн нийтэд энэ нэрийн зөв утгыг таниулах гэж явна.
“Saraband” хэвлэлийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэсэн “Монгол” номоороо Шотландын зохиолчдын хорооны цом хүртсэн. П.Ууганбаяр буюу Uuganaa Ramsay BBC агентлагийн цахим хуудсанд энэ сарын 23-нд өөрийн нийтлэлээ хэвлүүлжээ. Түүнтэй онлайнаар хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд хүргэе.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
.-Би одоо Шотландад амьдардаг. Монголд байхдаа Англи хэлний багш байсан. Одоо энд мэргэжлийн зөвлөгөө өгдөг дасгалжуулагчаар ажиллаж байна.
-Та бол “Монгол” гэдэг нэрийг буруу утгаар хэрэглэхийн эсрэг тэмцэгч. Монгол гэдэг үг дэлхийн нийтэд ямар утгаар тархаад байгаа юм бэ? Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Бид бүгд л Монголоо хайрлаж, сайн сайхнаар авч явахыг хичээдэг шүү дээ. Монголоосоо гараад гаднын улс оронд амьдраад үзтэл энэ нэр маань нэг л өөр утгаар хэрэглэгдэж байгааг мэдсэн. Хэл бичгийн толиноос харахаар Монгол гэдэг үг салаа утгатай байдаг байсан. Эхний утга нь монгол хүн, дараагийн салаа утга нь 21 дүгээр хоромсомтой буюу дауны синдромтой хүнийг нэрлэх түүхэн үг гэж (Бид бүгд 21 дэх хромсомтой. Хос хоёр хромсом байхаас даунтай хүн нэгээр илүү буюу гурван хромсомтой байдаг) Улмаар хоёр дахь утга нь зарим оронд өдий хүртэл хэрэглэгдсээр байгаа бөгөөд, улмаар доромж утгатай болсон байгаа юм. Тэрэнд л би эмзэглэж эсэргүүцсэн хэрэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон монгол хүмүүсийг хэн ч ингэж доромжлох ёсгүй.
-Өөрт тохиолдсон бодит жишээг дурьдвал?
-Намайг анх Лондонд 2000 онд очиж англи хэлний дамжаанд сурч байхад манай ангийн хятад, франц оюутнууд “ Чи монгол хүн гэлүү, бид монгол хүмүүсийг ийм ухаантай жирийн хүмүүс байдаг гэж бодоогүй” гэж билээ. Тэр үед би нэг их юм бодоогүй л дээ. Санаанд ороогүй хэрэг. Бид чинь энэ бусад утгыг сайн мэдэхгүй, мэдэж байсан ч эрт дээр үед хэрэглэж байсан түүхэн үг гэж бодоод итгэчихсэн хэрэг. Гэтэл тэд орчин үед тэгж буруу ойлгодог байжээ.
. Таны “хар дансанд” 20 гаруй улс бүртгэлтэй байгаа гэсэн үү?
-Тийм ээ, бүх тивийн 20 гаруй улс бий. Энэ доромж утгыг анх Шотландын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдэд хичээл заадаг байхдаа сонсож байсан юм. Өдрийн хоолны үеэр хүүхдүүд “Хөөе, монгол оо” гээд нэгнийгээ дуудаад байхаар нь гайхаад өнгөрч байсан. Манай ажлын газрын нэг залуу санаа зовоод тайлбарлаж өгөөгүй. Монгол гэдэг нь товчлогдоод монго, монг мөн монголико гэсэн үгнүүд болжээ. Хүмүүс хооронд нь ялгадаггүй. Тиймээс энэ талаар ярьж байж нийтэд ойлгуулах нь чухал. Манайхан зөв ойлгох ёстой. Эдгээр орны бүх хүн ингээд байгаа юм биш. Соёлын доголдолтой, мэдлэг багатай, манай улсын талаар мэдлэггүй хүмүүс ихэнхдээ ийм утгаар хэрэглэдэг.
Тухайлбал, Канадын зарим нэг муж франц, итали, морок, аргентиний латин гаралтай хүмүүс, англи колумба хүмүүс тийн ярьдаг.
-Та яагаад энэ номыг бичсэн бэ?
-2014 оны нэгдүгээр сард миний бичсэн ном уншигчдын гарт очсон. Энэ номоо гадныханд хүргэхийн тулд англи хэлээр бичсэн юм.
Миний гурав дахь хүү зуурдаар хорвоог орхиж, амьдрал утгагүй санагдаж байсан тэр үед би хүүгээ номонд мөнхлөхөөр шийдсэн юм.
Ингэж л өөрийгөө бага багаар тайвшруулж, бие мах бодь нь амьдрах боломжгүй ч хүүгээ заавал “мөнхрүүлнэ” гэж шийдсэн юм. Монгол хүний ахуй, жирийн амьдралыг харуулсан ерөнхий агуулгатай, цаанаа бол “монгол хүнийг монгол гэж л дуудаарай” гэсэн санаа өгүүлсэн.
-Дэлхийн нийт үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Намайг анх энэ тухай ярихад зарим хүмүүс “усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг энд амьдарч байгаа бол энэ байдлыг хүлээн зөвшөөрч дуугүй л дагах ёстой гэдэг байсан.. Зарим хүн удахгүй хэл яриа өөрчлөгдөхөөр аяндаа өөрчлөгдөнө гэсэн дээ. Гэхдээ 1860-аад оны үед Английн доктор Жон Лангдон Даун гэдэг хүн 21 дүгээр хоромсомтой хүмүүсийг оношлох оролдлого хийхдээ “Монгол усан тэнэгрэл” гэж нэрлэсэн байгаа юм. Энэ нь монгол хүний нүд жартгар, хавтгай нүүр нь тэдгээр хүмүүстэй адил гэдэг утгаар хэрэглэсэн. Доктор Даун сүүлд буруугаа ухаарсан боловч энэ нэр томьёо нь олон улсад тархаж газар авсан учир тэр нэрээ хэвээр үлдээсэн. Зуугаад жилийн дараа түүний ач хүү олон улсын эрдэмтэдтэй хамтарч энэ хэллэгийг Дауны нэрээр нэрлэе гэсний улмаас даун синдром буюу хам шинж гэх болсон. Яг энэ үеэр монголын төлөөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад энэ нэр томьёог өөрчлүүлэх хүсэлт тавьсан гэдэг.
-Тантай адилхан гадаадад амьдарч, сурч байсан монголчууд ийм бэрхшээлтэй тулгардаг байх даа?
-Тохиолддог. Хүн болгонд биш ч заримд нь мэр сэр тохиолдсоор байгааг манайхан одоо надад хэлэх болсон.
-Улсынхаа нэрийг зөвөөр ойлгуулахын тулд бид яах ёстой вэ?
- Эвтэйхэн тайлбарлаж өгөх нь зүйтэй. Хүмүүс мэдэхгүйгээсээ л болж ихэнхдээ энэ алдааг гаргадаг. Саяхан миний хийсэн баримтат нэвтрүүлэг радиогоор цацагдахад нэлээд олон хүн над руу захидал, имэйл, мессеж явуулж уучлалт гуйсан байсан. “Би мэдэхгүйн улмаас буруу хэрэглэж байж, намайг уучлаарай. Би дахиж хэзээ ч ингэж хэн нэгнийг доромжлохгүй” гэж бичсэн байсан.
-Ингэхэд та аль аймгийн хүн бэ. Нутгаа санаж байгаа байх?
-Би Завхан аймгийн Түдэвтэй суманд төрж, Сантмаргац сум болон Улиастай хотод өссөн. Өнгөрсөн есдүгээр сард Улиастай руу нэвтрүүлэг хийхээр очсон. Найман жилийн дараа очиж байгаа болоод ч тэр үү, сэтгэл их хөдөлсөн. Бас талийгаач хүүгээсээ хойш яваагүй байсан болоод ч тэр үү, өөрийн эрхгүй л огшоод ирсэн дээ. Нутгаа, хүүгээ их санаж байна.
-Морь унаж, хонь хурга хариулж өссөн тэр сайхан дурсамж тань тодорч, үлдчихмээр л санагдсан байх даа?
-Намайг долдугаар ангид байхад нэгдэл хувьчлагдаж манайх малтай болж байсан юм. Өвөлдөө сумын төвд өвөлжиж хичээлдээ явна. Зундаа хөдөө малаа хариулна. Хөдөөний ажил дуусахгүй. Түүний хүчээр ямар их ажил сураа вэ гэж би одоо болтол олзуурхдаг. Дүүгээ дагуулаад л дөрвөн литр цээдэм барьж, хэдэн ааруул боорцог өвөртлөөд өдөржингөө явдаг байсан. Дараа нь морь унаж сураад мориор хонь хариулдаг болсон. Манай аав малын эмч, нэгдлийн дарга, ээж монгол хэл уран зохиолын багш болохоор ажил ихтэй. Айлын том хүүхэд хоолоо хийнэ, хувцасаа угаана. Аав, ээждээ их баярлаж явдаг даа би . Миний хүүхэд нас аз жаргалаар дүүрэн байсан болохоор одоо ч гэсэн тэр сэтгэл хангалуун байдал, өөртөө итгэх итгэл минь намайг тэтгэж явдаг байх.
-Монгол гэдэг үгний зөв утгыг гаргах, ер нь эх орныхоо төлөө хийж бүтээх юмсан гэсэн зүйл залуу хүний хувьд их л байдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Маш их байдаг. Өөрийгөө болгоод явахад болно л доо. Би бага байхдаа дандаа гүйж явдаг байсан гэдэг. Бага байхад өвлийн хүйтэнд хөлдүү мах ачсан машин дээр аймгийн төв, сумын төвийн хооронд явахад их юм бодогдоно шүү. Том болоод би ингэнэ, тэгнэ гэж мөрөөддөг байж билээ. Одоо ч гэсэн их мөрөөднө өө. Монголд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хийх юм их байна. Зовлон хүнд хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг шүү дээ. Өнөөдөр эрүүл саруул яваа хүн маргааш гэхэд юу ч тохиолдохыг мэдэхгүй.
Гадаадад бол радио телевиз болон номоороо хүмүүст хүрч, эх орноо сурталчилдаг. Манайхан дотор олон мундаг зохиолч бий. Тиймээс сонгодог уран зохиолуудыг гадаадад орчуулж, таниулахсан гэж боддог.
-Таны бодлоор залуу хүн ямар байх хэрэгтэй вэ?
- Залуу хүн хийе, бүтээе гэж бодвол үзээд алддаг л байх хэрэгтэй. Зарим хүн ярьсаар байгаад насыг бардаг. Завгүй, чадахгүйг үгийн сангаасаа хасах хэрэгтэй. Хэрвээ хүн үнэхээр л хийхийг хүсвэл ямар нэгэн арга олоод л хийдэг. Бас өглөгч, өгөөмөр байвал сайхан. Заавал мөнгө төгрөг биш л дээ. Өвдөж буй найздаа нэг аяга цай чанаад өгчихдөг, унаад босож буй хүнийг дооглох биш очоод түшээд босгочихдог сэтгэлтэй байх хэрэгтэй.
-Монгол хүн бусад үндэстнээс юугаараа ялгаатай вэ?
-Монгол хүн дасан зохицох чадвартай. Хаана ч очсон хэнээс ч дутахгүй сурч, ажиллаж чаддаг. Манайхан бас амьдралд сонирхолтой, тэмүүлэлтэй, юманд хандахдаа уян хатан гэж шүү дээ.
-Британид монголчууд хэр их байдаг вэ?
-Их Британид монголчууд их. Шотландад бол цөөхөн дөө. Хүмүүс янз бүрийн л ажил хийдэг. Хувиараа бизнес хийнэ, ямар нэг байгууллагад ажиллана. Нягтлан, инженер, онгоцны үйлчлэгч, эмнэлгийн лабротарит судлаач, тогооч, вэб болон компьютерийн чиглэлээр ажиллах нь элбэг.
Баярлалаа. Таныг удахгүй эх орондоо ирж, их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
М.Болорцэцэг