АНУ-ын Сакраменто хотын “National night out” арга хэмжээнд анх удаа монгол үндэсний бүжиг, дуу, хоолны амтыг танилцууллаа. Наймдугаар сард АНУ-ын хотуудад нэгэн зэрэг болдог уг арга хэмжээнд Сан-Францискод байрладаг “Монгол кафе”-гийнхан, мөн Сакраменто хотод амьдардаг ардын бүжигчин Г.Энхзул нар оролцож, монгол үндэсний бүжиг, хоолоо сурталчлав. “Монгол кафе”-г үүсгэн байгуулагч Д.Чимидцэрэн, Ю.Ариун-Эрдэнэ нар Сакраменто хотынхонд монгол хоолоор үйлчилж, таниулсаар ирсэн. Бүжигчин Г.Энхзулын хувьд анх удаа уг арга хэмжээнд уригдаж, монгол үндэсний урлагийн гайхамшгаас мэдрүүлсэн анхны уран бүтээлч болжээ.
“National night out” арга хэмжээг 1984 оноос эхлэн иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оролцоог нь нэмэгдүүлэх, иргэд болон цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын харилцааг бэхжүүлэх зорилгоор жил бүрийн наймдугаар сард Америк орон даяар бүх хотод нэгэн зэрэг зохион байгуулдаг болжээ. Тус улсын төрөөс явуулдаг нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг нь энэ аж.
Тэр дундаа Сакраменто хотынхон холбоо, тойрог, хотын хууль сахиулах байгууллагууд, гал команд, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, хотын зөвлөл, сенатын гишүүдийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулдгаараа алдартай гэнэ. Эднийх энэ удаа хөтөлбөртөө олон үндэстний хоол, дуу бүжиг, Хавайн Полинезын галт бүжиг, 360 градус эргэдэг зураг авхуулах цэг, хүүхдийн хөөрдөг байшин гэх мэт олон сонирхол татсан үзүүлбэр, үйлчилгээ багтаажээ.
Бэлтгэсэн Р.Жаргал