Төв аймгийн Аялал жуулчлалын холбоо болон Алтанбулаг сумын Аргал багийн “Баян сонгинот” малчдын бүлэг, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан хамтран “Хонины найр-2024” арга хэмжээг энэ сарын 17-нд зохион байгуулах нь.
“Хонины найр” нь хөдөөгийн иргэдийн аж амьдрал, хонь маллахтай холбоотой ахуй, эдийн соёл, зан заншлын олон сонирхолтой ёс уламжлалтай танилцах боломжийг олгодгоороо онцлогтой билээ. Тус арга хэмжээний үеэр хонь уралдуулах, холбох, шагайн наадгай, аргал түүх, нэхий элдэх зэрэг хөгжөөнт тоглоомоор дамжуулан монгол ахуй, ёс заншлыг сурталчлан таниулах юм байна. Мөн уламжлалт аргаар эсгий хийж, тогоо нэрж, цайны баяр зохион байгуулах аж. Түүнчлэн малчид өөрсдийн хийсэн ааруул, ээзгий зэрэг цагаан идээгээ энэ үеэр худалдах гэнэ. “Хонины найр” арга хэмжээний тасалбарын үнэ 30 мянган төгрөг юм.
Бэлтгэсэн У.Сүрэн