ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол Улсаас бүртгүүлсэн хөхүүрийн айргийн соёлын хамгийн том баяр “Айраг” фестиваль Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Дондогийн булагт энэ сарын 10,11-нд болно.
Уг фестиваль нь хөхүүрийн айраг исгэх уламжлалыг сурталчлан таниулах, үүнтэй холбоотой өвийг дэлгэрүүлж, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой аж. Энэ үеэр бөхийн барилдаан, дааганы уралдаан, сур болон шагайн харваа, наадгай, эмнэг сургах, айраг уух, дэмбээдэх, сээр шалгах тэмцээн зохион байгуулах гэнэ. Мөн хамгийн сайхан айраг, хос морьтон, шилдэг хөхүүрийг шалгаруулахаас гадна “Монгол гэр” үзэсгэлэн, “Айрагдъя” соёлын арга хэмжээ, сумуудын брэнд бүтээгдэхүүний худалдааг нээх юм байна. Ерөнхий зохион байгуулагчаар Булган аймгийн ЗДТГ, хамтрагчаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Орхон аймгийн ЗДТГ ажиллах нь.
Монголчуудын үнэт өв адуун соёлын илэрхийлэл болсон хөхүүрийн айраг исгэх уламжлалыг үзэхээр өнгөрсөн онд гадаад, дотоодын 30 гаруй мянган жуулчин зорин очсон аж. Фестивалийг өмнөх жилүүдэд баяр наадмын хэмжээнд зохион байгуулсан бол энэ удаа эвент байдлаар хийхээр болжээ.
Бэлтгэсэн Э.Жавзандулам