Нийслэлийн ЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалтын танхим болон сургалтын “Нийслэл академи” цахим системийг өчигдөр нээв. Тус төвийн дарга Б.Энхболд “Ажлын байран дахь сургалт нь оролцоонд илүү суурилсан байх ёстой. Танхим нь энэ онцлогтой зохицсон, уялдсан байх шаардлагатай. Энэ дагуу бид төвөө олон улсын давтан сургалтын төвийн стандартад нийцүүлж, 100 болон 25 хүний гэсэн хоёр, мөн цахимаар хичээл заах танхимтай болголоо. Ингэснээр төвийн хүчин чадал тав дахин нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилд 1000 цагийн сургалт явуулдаг байсан бол өдгөө 5000 болж нэмэгдэнэ гэсэн үг” хэмээв.
Төрийн албан хаагчид ажлынхаа хажуугаар сургалтад хамрагдахад хүндрэлтэй байдаг учир “Нийслэл академи” хэмээн нэрийдсэн цахим сургалтын систем бий болгож, албан хаагчид боломжтой цагтаа хамрагдах нөхцөл бүрдүүлжээ.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл