Хүүхдэд зориулсан ном элбэгтэй “Анд” хэвлэлийн газар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн номуудаа 20 хувь хямдруулж, өмнөхөөс багаар буюу 3000 төгрөгөөр хүргэж өгөхөөр болжээ. Эдний “Үлгэрийн далай”, “32 модон хүний үлгэр” зэргийг нь онцлохоор. Тухайлбал, “Үлгэрийн далай” нь нарс, хуш, аньс мөнх ногоон болсны, тэмээ үнсэнд хөрвөөх болсны учир, “Муур багш”, “Заан, оготно хоёр”, “Долоон хулгана”, “Үнэг, зараа, чоно гурав”, “Царцаа намжил”, “Болдоггүй Боролзой өвгөн” зэрэг нийт 16 үлгэртэй. Харин“32 модон хүний үлгэр” нь эртний Энэтхэгийн сонин содон үлгэрийн цоморлогуудын нэг. Үүнийг монголчууд амаар болон бичгээр уламжлуулсаар ирсэн бөгөөд XVII зууны сүүлч үе, XVIII зууны эхээр монголчилсон түүхтэй аж. Энэтхэгийн төрт ёсонд сурвалжит охид, хөвгүүдийн зайлшгүй уншиж судалбал зохилтой судруудын нэгээр нэрлэдэг байсан уг бүтээлд багтаасан үлгэрүүдийг тус хэвлэлийн газрынхан монгол бичигт буулган түгээж эхэлжээ.
Бэлтгэсэн: Ж.Гэрэл