Өнөөдөр УДЭТ-ын урд талбайд “Соёлын цаг” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тодруулбал, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх, танин мэдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын ажлыг сурталчлах зорилгоор нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 26-н хүртэл "Соёлын цаг" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн есөн дүүрэг болоод 24 байршлыг хамрах бөгөөд мэргэжлийн урлагийн 20 гаруй байгууллага болон музей, урлагийн тоглолт, номын сангийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ гэв.
"Соёлын цаг" хөтөлбөрийн нээлтэд Соёлын яамны удирдлагууд болон Нийслэлийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун "НЗДТГ Монгол Улсын соёлын яамтай хамтран "Соёлын цаг" нөлөөллийн аянг эхлүүлж байна. Соёлын яам байгуулагдсанаар Монголын соёл урлагийнхан өөрийн гэсэн түшиг тулгууртай болж ажил, уран бүтээл бүхий л зүйлсээрээ хамтран ажиллах боломж нээгдсэн.
Түүнчлэн ард түмэнд илүү нээлттэй хүртээмжтэй болохоос гадна тэднийг соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн, монгол өв соёлоо, эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх үйлсийн эхлэл болж байгаа юм" гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн цаашид соёлын салбарт гурван үндсэн чиглэлээр ажилна гэлээ. Тухайлбал,
- соён гэгээрүүлэх, хүртээмжтэй болгох
- Сонгодог урлагийг хөгжүүлэх, урлагийн бүхий л салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлэх
- Соёлын өвийг олон улсын түвшинд хүргэх гэсэн чиглэлээр ажилна гэсэн юм.