Олон улсын охидын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийн хүрээнд өчигдөр иргэд төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалыг санаачлагч нь “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо байв. Үүнд голчлон охид, эмэгтэйч үүд оролцсон. Тэд хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрхийг зөрчихгүй байхыг сануулсан уриалгыг цаасан дээр бичиж, барьсан байв. Түүнчлэн жагсаалд оролцогч иргэдийн санал хүсэлтийг цуглуулж, цаашид эрх бүхий албан тушаалтнуудад нь уламжлахаар төлөвлөснөө “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагынхан илэрхийллээ. Төрийн холбогдох байгууллагуудын хувьд эл өдөр охидын эрхийг хамгаалахтай холбоотой уриалгууд гаргаж, цахим хуудсандаа байршуулсан байлаа. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комиссоос “Тэдний орон зайг ойлгож, хүндэлье” гэсэн уриалга гаргасан байв. Мөн Боловсролын ерөнхий газраас “Дотуур хувцасны дүрэм” буюу хүүхэдтэйгээ “хэцүү” сэдвээр ярилцах гарын авлагыг танилцуулсан.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 11-нийг Олон улсын охидын өдөр болгох шийдвэрийг 2011 онд гаргасан. Уг өдөртэй холбоотойгоор Монгол Улс дахь НҮБ-ын удирдлагын баг өчигдөр мэдэгдэл гаргасан байв. Охидын эрхийг хамгаалахад бүх нийтээр манлайлал үзүүлж, тэдний сайн сайхны төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгд үүлэхийг НҮБ-аас уриалсныг мэдэгдэлд онцолжээ. “Монгол Улсад хүүхдийн эсрэг, ялангуяа охидын эсрэг хүчирхийлэл түгээмэл байгаад, тэр дундаа хүүхдүүд гэр бүл, сургууль, олон нийт, цахим орчинд үл хайхрах, бэлгийн, бие махбодын хүчирхийлэл, мөлжлөгт өртөж буйд бид ихээхэн санаа зовниж байна. Тухайлбал, 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэл амсдагийг НҮБ-ын судалгаа харуулсан. Түүнчлэн интернэтийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан хүүхдүүд сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай болон Хүүхдийн эрхийн тухай конвенц, олон улсын хүний эрхийн бусад баримт бичигт нэгдэн орсноор хүлээсэн үүргийн дагуу охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нэн даруй устгах цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт уриалж байна. НҮБ нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход аюулгүй, хүртээмжтэй, таатай орчныг бүрд үүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгыг дэмжихэд бэлэн гэдгээ үүгээр илэрхийлье” хэмээн НҮБ-ын мэдэгдэлд дурджээ .