Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархсан. Тодруулбал, Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан зэрэг 12 аймгийн 81 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хан уулын Дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар гээд нийт 1,5 орчим сая га талбайд ойн хөнөөлт шавж тархжээ. Үүнээс 732 мянган га талбай голомттой гэсэн судалгаа гарсан байна. Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх 30 орчим бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 20 орчим нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ жил нийт 13 орчим тэрбум төгрөгийг хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Хөнөөлт шавж идэвхжих улирал эхэлж байгаатай холбогдуулан “Эйр трактор AT-602” маркийн онгоцоор агаараас тэмцэж эхлээд байна. Энэ онгоц нэг удаагийн нислэгээр 3,2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай, 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм.
Мөн “Гранд форест” ХХК дрон ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх туршилт хийж эхэлжээ. Дрон нь нэг удаа нисэхдээ 27 га талбайд бодис цацах хүчин чадалтай бөгөөд нисэх онгоцтой харьцуулахад зардал бага юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавж устгал болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахын зэрэгцээ ой модоо хөнөөлт шавжнаас хамгаалах, устгалыг цаг хугацаанд нь чанартай хийх, нөхөн сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг анхаарууллаа.