Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон ЭЗБӨЧСТ-ийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-г танилцууллаа. Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т оржээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноотой байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт боллоо. Мөн өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар Бразил, Өмнөд Африк, Аргентин, Венесуэл нэрлэгдсэн бол Монгол Улс дээрх улсуудын тоонд багтжээ. Харин өрсөлдөх чадвар хамгийн сайн улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд эрэмбэлэгдсэн байна.
Өрсөлдөх чадварын судалгаанд дурдагдсанаар дараахь таван зүйл Монгол Улсын хувьд хамгийн бага оноотой буюу анхаарах асуудал болохыг илэрхийлж байна.
- Засаглалын чадвар сул
- Санхүүгийн асуудал
- Төрийн бодлого тогтворгүй
- Судалгаа, хөгжүүлэлт муу
- Дэд бүтцийн хөгжил сул
Монгол Улсад тулгарч болох сорилтуудыг дараахь байдлаар илэрхийлжээ.
- Инфляцын түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй.
- Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудлууд хэвээр байна.
- Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.
- Сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй.
- Орос-Украины дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин Тайваний хоорондох хурцадмал байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Дээрх асуудлаас гадна татварын бүрдүүлэлтийн гүйцэтгэл өндөр гарсан ч зарцуулалт хамгийн сул байсныг онцоллоо. Иргэд, аж ахуйн нэгжээс бүрдэх татварын гүйцэтгэл өндөр байгаа ч зардалын хяналт сул, зориулалт бусаар царцуулагдаж байгаа зэрэг нь 64 улсаас 62-т эрэмбэлэгдэх гол үзүүлэлтийн нэг болжээ. Мөн бизнесийн салбарт төрийн оролцоо өндөр гэх дүгнэлт гарсан байна.