Дэвид Рикардо бол Адам Смит, Томас Мальтус нарын адил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эдийн засагчид тооцогддог. Сонгодог буюу эдийн засгийн ухааны үндэс суурь болсон онолыг тавьсан тул зүй ёсоор ийнхүү хүлээн зөвшөөрөгддөг. Юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг аливаа улс орон харьцангуй давуу тал бүхий салбартаа анхаарал хандуулж, эдийн засгаа өөд нь татдаг гэх онол бол Дэвид Рикардогийнх юм.
Дотоодын зах зээлээ хамгаалах бодлого хэрэгтэй гэж сонгогчид эрх баригчдаас байнга шаарддаг. Гэхдээ энэ нь урт хугацаандаа тухайн орны өрсөлдөх чадварыг үгүй хийн, тэртэй тэргүй амжилт олохгүй салбаруудыг хоосон тэтгэж, үргүй зардал гаргана, нөгөө талаас дотоодын хэрэглэгчид өндөр үнэ төлж хохирдог гэдгийг Рикардо судалж гаргажээ.
Жишээ нь, Монгол Улсын хувьд уул уурхай, аялал жуулчлал нь харьцангуй давуу талтай бол үүнийгээ тултал дэмжиж өөд татах нь бусад салбар, жишээ нь нано технологи, автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр хөрөнгө хаях хэрэггүй гэсэн үг болж таарч байна. Аливаа улс үндэстний байгалийн баялаг болон технологийн хөгжил нь ялгаатай байдаг. Тийм учраас автомашин үйлдвэрлэх гэж хөрөнгө зарцуулахын оронд уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулах, эсвэл түүхий эдээ боловсруулах технологийг түлхүү хөгжүүлж, олсон ашгаараа автомашин худалдан авах нь ухаалаг бөгөөд урт хугацаандаа оновчтой байх нь.
Харьцангуй давуу талын тухай онолоо олон улсын худалдааны эдийн засгийн суурь болгосон Дэвид Рикардо Британийн нийслэл Лондон хотод төржээ. Тухайн үедээ тэрбээр Лондоны хөрөнгийн биржийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг байсан гэдэг. Зарим нь түүнийг XIX зууны эхэн үеийн Уоррен Баффет гэж зүйрлэсэн байдаг. Еврей гэр бүлээс гаралтай байсан ч өөр шашинтай бүсгүйтэй гэрлэсэн учраас төрсөн эцэг нь түүнээс холбоогоо тасалж, харилцахаа больсон аж. Хүнд байдалд орсон Рикардо бүхнийг тэгээс эхэлжээ.
Британийн арми Ватерлоогийн тулаанд Францын армийг бут цохино гэж тооцсон нь зөв болж, түүний эзэмшиж байсан Засгийн газрын бондын үнэ эрс өсөв. Иймэрхүү ухаалаг арилжаа хийх замаар тэр асар их хөрөнгө хурааж, тансаг эдлэн газар хүртэл худалдан авч амжилт, алдар хүндийг хослуулсан ховорхон хүмүүсийн нэг болж чаджээ.
Санхүүд авьяастай гэдгээ ухаарсан тэрбээр өөр нэгэн дуртай зүйлээ олж авсан байна. 27 настайдаа Адам Смитийн “Үндэстнүүдийн баялаг” номыг олж уншсанаар улс төрийн эдийн засаг хэмээх шинжлэх ухааны шинэ салбарт дурласан гэдэг. Алдарт эдийн засагч Томас Мальтустай байнга санал зөрөлддөг ч дотно нөхөрлөдөг нь мөн үүнд нөлөөлсөн гэдэг. Өөрийн багш Жэймс Миллийн удирдлагад Рикардо “Улс төрийн эдийн засаг болон татварын зарчим” гэх ном бичсэн нь түүний хамгийн сайн бүтээлд тооцогддог. Гэхдээ шинжлэх ухаанч харагдахын тулд хуурай, албархуу хэлбэрээр бичсэн нь уншихад тааламжтай санагддаггүй. Адам Смит эсрэгээр, сонирхолтой жишээгээр баяжуулж, хүнд ойлгомжтой энгийн дүрслэл, зүйрлэл олныг хэрэглэсэн байдаг.
Рикардогийн ажигласнаар эдийн засгийн аливаа хэсэгт ашиг олох боломж тодорхой хугацаанд хангалттай байдаг гэнэ. Хангалттай ашиг хийх боломжтойн хэрээр зах зээлд өндөр үнэтэй байж болох ч борлуулж буй бүтээгдэхүүний үнэ удалгүй бодит түвшин рүү буудаг. Зах зээлийн болон бодит үнэ тодорхой хугацааны турш ялгаатай байж болно. Гэхдээ ашиг хийх боломж хаана буйг хүмүүс олж харвал тэнд хөрөнгө оруулах бөгөөд улмаар өрсөлдөөн нэмэгдэж, үнэ бодит түвшиндээ хүрч унадаг.
Тэрчлэн Адам Смит абсолют давуу тал буюу аливаа улс орон өөрийн ажиллах хүчний өртөг, уур амьсгал, газар нутгийн байршил зэрэг хүчин зүйлийг ашиглан зарим бараа, бүтээгдэхүүнийг бусад улс үндэстнээс хямд үйлдвэрлэх боломжийн талаар онцолдог. Рикардогийн жишээгээр бол уур амьсгалаас шалтгаалан Португалд дарс үйлдвэрлэх нь Британид хийхээс давуу гэнэ. Харин Британид ноосон даавуу үйлдвэрлэх нь илүү тохиромжтой. Тухайн хоёр улс ноосон даавуу болон дарсны илүүдлээ хоорондоо солилцон арилжих нь аль алинд нь ашигтай. Улс орон бүр өөрийн харьцангуй давуу талд түшиглэснээр дэлхий нийтээр хамтын үр ашиг дээшилнэ гэж Рикардо үзсэн байдаг. Тийм учраас л олон улсын худалдаа оршин тогтнодог.
Гэхдээ Португал улс ноосон даавууны үйлдвэрлэл эрхэлсэн хэвээр үлдвэл алдагдсан боломжийн өртөг үүснэ. Учир нь ноосны үйлдвэрлэл эрхэлснээр илүү сайн чаддаг зүйл болох дарс үйлдвэрлэх боломжоо алдана гэсэн үг. Үндэсний нөөцийн талыг нь ноосон даавуунд зарцуулснаараа дарсны үйлдвэрлэлд оруулах ёстой байсан хөрөнгөө хийж чадахгүйд хүрнэ.
Ямар ч абсолют давуу талгүй зарим улс дэлхийн эдийн засагт “оролцож”, ашигтай наймаа хийж чадна гэдгийг Рикардогийн онолд тайлбарласан байдаг. Буудай, ноос, автомашин, эсвэл хувцас үйлдвэрлэлээр бусдаасаа илүү сайн улс олон бий ч тэдэнд цахим үйлчилгээ, агаарын тээвэр, биотехнологи зэрэг хийж чаддаггүй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авах зардал гарч л таарна.
Рикардогийн онолд дотоодын болон олон улсын бодлогын нөлөө байхгүй, энэ нь чөлөөт худалдааны ертөнцдөө л хүчинтэй гэмээр. Учир нь амьдрал дээр ихэнх орон улс төрийн болон нийгмийн янз бүрийн шалтгааны улмаас бодит давуу талгүй ч зарим зүйлийг үйлдвэрлэсээр л байдаг. Тухайлсан нэг салбарыг ингэж хамгаалснаараа олон улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Рикардогийн санаагаар бол улс орнууд чөлөөт худалдааны тусламжтайгаар боловсруулах ба үйлчилгээний салбарыг хөгжүүлэн, төрөлжүүлснээр үнэ тогтворжих боломж нэмэгддэг гэнэ. Гэвч үнэндээ ийм дасан зохицох үйл явц нь урт хугацаа шаардана. Өөрөөр хэлбэл, хэдэн жил, магадгүй хэдэн арван жил хэрэгтэй ч энэ хооронд нийгмийн хямрал үүсэх боломжтой аж.
Рикардогийн худалдааны онол нь меркантилист үзлийг нураан унагасан гэдэг. Улс орнууд хоорондоо худалдаа хийснээр ашигтай наймаа хийж байна гэдгээ мэдрэх төдийгүй үр дүнд нь хамтдаа өсөж томордог. Рикардогийн урсгалын худалдааны онол нь өдгөө ч эдийн засгийн үндсэрхэг үзэл ба протекционизмын эсрэг маш чухал аргумент болсон хэвээр байгаа юм. Түүний онол үр дүнтэй буй нь тодорхой тул олон улсын түвшинд гаалийн тарифыг бууруулах, протекционизмыг халах чиглэлээр олон арван чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр хийсээр байдаг. Нээлттэй худалдааны дэглэм нь хүний амьжиргааны стандартыг дээшлүүлж, улмаар нөөц баялгийг илүү үр ашигтай хуваарилж байгааг улс орнууд олж харсны гавьяа нь Рикардогийн онол бөгөөд эдийн засгийн шинжлэх ухааны хамгийн гайхамшигтай ололтуудын нэг гэж хэлэх нь зүйтэй.
Түүний судалж гаргасан татварын бодлого нь тухайн үед хамгийн чухал, бас хамгийн халуун сэдэв байлаа. Учир нь Наполеоны эсрэг дайныг санхүүжүүлэх, мөн дайны дараа үүссэн Засгийн газрын асар их хэмжээний өрийг дарах хэрэгтэй байсан юм. Өрөө төлөхийн тулд Засгийн газар нэг бол татвар нэмнэ, эсвэл зээл авна. Рикардо энэ хоёр хувилбарын алийг нь ч дэмжсэнгүй. Татвар өндөр байх тусам мөнгөтэй хүмүүс эх нутагтаа хөрөнгө оруулах хүсэлтэй ч гэсэн хөрөнгөө аваад гадагшаа явахаас өөр аргагүйд хүрнэ. Засгийн газар өрийн бичиг гаргах замаар санхүүжүүлбэл мөн л олон сөрөг нөлөөтэй. Хэдэн сая долларын бонд гаргана гэдэг нь тухайн үндэстний бүтээлч капиталаас төдий хэмжээний мөнгө хорогдоно гэсэн үг. Харин нийгмийн тэгш байдлын хувьд Рикардо татварын шатлах бодлогыг дэмжиж байв. Ялангуяа тансаг хэрэглээнд илүү өндөр татвар ногдуулах нь зүйтэй гэдэг. Тухайн орны Сангийн сайд нь үнэтэй дарс, сүйх тэрэг зэрэг баячуудын таашаадаг бусад зүйлээс илүү өндөр татвар авах нь зүйтэй бөгөөд ингэхдээ үндэсний капиталын хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэрэгтэй аж. Энэхүү шударга байр суурь нь түүний нийгмийн ухамсар гэхээс илүүтэй санхүүч хүний хүйтэн тооцоо байсан гэдэг. Санал нийлэх албагүй ч сонсоод өнгөрөхөд илүүдэхгүй.