Урлаг, спортын гээд эзэмшсэн мэргэжил, дурласан салбартаа чин сэтгэлээ зориулж, амжилт гарган, тууштай хөдөлмөрлөж яваа гурван бүсгүй “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань зочин. Энэ удаа буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг, дуучин Б.Баярцэцэг, мисс, жүжигчин А.Баярцэцэг нарыг онцоллоо.
Т.Баярцэцэг 2006 оноос Гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаярын удирдлагад буудлагын спортоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл, оюутны универсиад наадмаас мөнгө, дэлхийн оюутны их наадмаас хүрэл, цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртэж байв.
Уянгалаг хоолой, дур булаам төрхтэй Б.Баярцэцэг “Тэнгэрт харавсан од”, “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком” зэрэг ихэвчлэн киноны дуу дуулж олны танил болсон. Өдгөө хүн бүрийн эчнээ мэддэг, уранбүтээлийгньсонсохдуртай дуучдын нэг болсон тэрбээр орос киноны дуунуудаас бүрдсэн “Мелодия” тоглолтоо хүргэж, дуучин С.Нарантай хамтран “Together” тоглолтоо амжилттай хийгээд буй.
“Дэлхийн гоо бүсгүй” уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэгийг өдгөө хүмүүс жүжигчин гэдгээр нь андахгүй. Тэрбээр “Netflix”-ийн бүтээсэн “Марко Поло” цувралд оролцож, найруулагч Стивен Сигалын “Attrition”-д дүр бүтээн, улмаар Монголын дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон юм. А.Баярцэцэг “Хануй фильм” ТББ-аардамжуулан“Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн наадам зохион байгуулсан нэгэн.
Ижил нэртэй эрхмүүд доорх асуултад хэрхэн хариулсныг сонирхъё.
1. Олонх урлаг, спортынхонд ээж, аав нь нөлөөлж, хөтөлсөн байдаг юм билээ. Танд ч тийм нөлөө байсан уу. Түүнээс гадна өөр хэн танд үлгэрлэв?
2. Таны хүүхэд насны хамгийн том мөрөөдөл юу байв. Тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?
3. Ээж, аавын тань захиасаас санаанаас хэзээ ч гардаггүй нь ямар үг байдаг бол?
4. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Анхны цалингаа хэзээ авч, юунд зарцуулж байсан бэ?
5. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
6. Амьдралдаа тохиолдсон таагүй үйл явдлыг хэрхэн даван туулдаг вэ. Юу танд хүч тэнхээ өгдөг бол?
7. Таны хийсэн хамгийн бахархмаар зүйл юү вэ. Өөрөөрөө хэзээ хамгийн их бахархав?
8. Шийдвэр гаргахдаа хэр удаан тээнэгэлздэг вэ. Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр тань юу байв?
9. Хэнээс хамгийн хатуу шүүмжлэл сонсож байсан бэ. Юу гэж шүүмжлүүлж байсанбол?
10. “Авьяас бол бурхны бидэнд өгсөн даалгавар” гэж нэгэн зохиолч хэлсэн нь бий. Та энэ хорвоод ямар даалгавартай ирсэн гэж бодож байна вэ?
Т.БАЯРЦЭЦЭГ: ТУСЛАМЖ ЭРСЭН ХҮНД САНАСНААС НЬ ИЛҮҮГ ӨГЧИХ ЮМ САН
1. Хүргэн ах минь буудлагын спортоор хичээллэдэг байлаа. Эгч минь ч эл спортыг сонирхон хичээллэж, удаа ч үгүй спортын мастер болж, амжилт үзүүлж эхэлсэн юм. Эгчийгээ харж бахархаад л, “Би ч бас бууддаг болно” гэж хүсэх болсон. Гэртээ индүүгээ барьж зогсоод л дасгал хийдэг байв. Ингэж л энэ спортод дурлаж, хөл тавьсан даа.
2. Мисс, загвар өмсөгч болно гээд л ээж, эгчийнхээ хувцсаар тоглодог байсан сан. Бас дуучин болно гээд ширээн дээрээ гараад их дуулна аа. Заримдаа бүжигчин болмоор ч санагдана. Бүр бүжгийн хамтлаг байгуулж ч явлаа. Хүүхэд насны цагаахан, нандин мөрөөдлүүд минь биелсэн мэт л зүрх сэтгэлд сайхан дурсамж болон үлдэж дээ.
3. Аав, ээж минь захиас гэхээсээ илүү өөрсдөөрөө үлгэрлэх гэж хичээдэг байсан. Өнөөдөр өдий зэрэгтэй яваа минь л аав, ээжийн захиас юм болов уу. Мэдээж хүн л юм хойно дутагдалтай зан чанар зөндөө бий. Гэхдээ “Би тийм, ийм шүү” гэдгээ мэдсээр байж өөрчилж чадахгүй явсаар л байна. Хичээгээд л байхад яг хүссэндээ хүрч чадахгүй юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар хичээсний үр шим заавал ирдэг.
4. Багадаа их биедаасан, сэргэлэн охин байлаа. Оюутан байхдаа хичээлийнхээ хажуугаар зөөгч хийнэ. 2007 онд залуучуудын шигшээ багт орж, цалинтай болсондоо хагартлаа баярлаж байв. Анхны цалин, бас тэмцээний шагналынхаамөнгөөр гэртээ л юм их авдаг байлаа. Зурагт, хөшиг, шүүгээ, гэрлийн бүрхүүл гээд л.
5. Хүнийг ялгаварлаж харьцахгүй байх, аливааг үнэнч, шударга, сэтгэлээсээ хийх, тууштай байхыг хүсдэг, хичээдэг. Бас надаас тусламж эрсэн хүнд санаснаас нь илүүг өгчих юм сан гэж үргэлж боддог.
6. Юу ч үүрдийнх биш, мөнх бус. Жаргал, зовлон, алдаа, оноо ээлжилдэг хорвоод хайртай хүмүүсийн минь дэмжлэг мэдээж маш чухал ч өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрөө өөрийгөө аргадан байж л даван туулдаг даа. Аливаа хүнд хэцүү цаг үеийн дараа аз жаргал нь ухааралтайгаа ирдэг гэдэгт итгэдэг.
7. Энэ хорвоо дэлхийд бүсгүй хүн болж төрсний хамгийн гайхалтай мэдрэмж бол мэдээж ээж болох. 2015 онд хүүгээ төрүүлээд өөрөөрөө бахархаж, баярласан.
8. Хүн алхам тутамдаа л хамгийн энгийнээс хамгийн хэцүү шийдвэрүүд гаргаж байдаг. Аливаа асуудлыг шийдэхдээ амьдралд минь ямар үр дүн, өөрчлөлт авчрахаас хамаарч хэр чухалчилж хандах вэ гэдгээ шийддэг. Заримдаа шийдвэр гаргаж чадахгүй байх үеч бий. Сайн ажиглавал шийдэл нь аяндаа өөрөө гараад ирэх үеамьдралд байдаг.
9. Намайг маш сайн мэддэг, хайрладаг хүмүүсийн минь шүүмжлэл л хамгийн хатуу санагддаг ч үнэхээр хэрэгтэй нь байдаг. Хэн нэгнээс шүүмжлэл сонсох хэцүү ч байх л ёстой зүйл. Гол нь өөрийгөө ямар хүн бэ гэдгийг мэддэг байж л бусдын шүүмжлэлд шүүлтүүртэй хандаж чадна. Шүүмжийг ташуур болгон урагш зүтгэх хэрэгтэй л гэж боддог.
10. Тийм шүү. Би маш азтай хүн. Учир нь хүн ажилдаа дуртай байх нь амжилтад хүрэх хамгийн дөт зам нь. Дуртай ажлаа олно гэдэг нь өөрт буй цаг хугацаа, эрч хүч, ур чадвараа хэрхэн, юунд зарцуулахаас хамаараад амьдралын зорилго, даалгавар нь бүрэлдэж байдаг юм болов уу даа. Дуртай спортоороо хичээллэж, хөдөлмөрлөж, тэндээсээ амьдралын олон өнгийг мэдэрч амьдарна гэдэг нь хүн болгонд тохиохгүй хувь заяа гэж боддог. Амьдралынхаа багагүй цаг хугацааг зориулж яваа ч буудахаас, алдаж онохоос, ялж ялагдахаас залхаагүй, уйдаагүй байгаадаа, бас багшдаа талархаж явдаг даа.
Б.БАЯРЦЭЦЭГ: ХҮН ЧАНАРТАЙ, САЙН ХҮН БАЙХ САН
1. Олонх хүн авьяас удамшдаг, түүнийг өвлөдөг гэж ярьдаг. Үүнтэй санал нийлдэг шүү. Миний элэнц өвөө Богд хаант Монгол Улсын төрийн дуучин Дандардорж гэж хүн байсан. Би шууд өвлөсөн гэж хэлэхгүй ч нөлөө байсан л байх. Өсвөр настайд ээж минь систем хөгжим, Селин Дион, Мэрайя Кэри, Уитни Хьюстон зэрэг алдартай дуучны хуурцаг авч өгсөн юм. Тэр үеэс дуунд дурлаж, англи хэл сурч эхэлсэн. Битэдэн шиг дуулж сурна гээд л янз бүрээр дуугарч, бэлддэг байлаа. Дуучин болох гараа үүнээс үүдэлтэй байх.
2. Хүүхэд байхад хүсдэг, ярьдаг байсны яг аль нь жинхэнэ мөрөөдөл байсныг нь мэддэггүй байж. Харин одоо бодоход хязгааргүй орон зайд гарахыг л мөрөөддөг байжээ. Сансарт гэх үү дээ. Дандаа сансар огторгуйн холбогдолтой киноүзнэ, ном уншина. Үүнээс ч улбаалж 2011 онд цомгоо “Хязгааргүйн цаана” хэмээн нэрлэж, бас “Хязгааргүйн цаана” тоглолтоо хийж байлаа. Мөрөөдлөө л илэрхийлэх гэсэн болов уу.
3. Яг үнэнийг хэлэхэд миний аав, ээж “Ийм, тийм байгаарай. Тэгээрэй, ингээрэй” гэх захихаас илүү үйлдлээрээ харуулдаг байлаа. Анхны амьдралаа нандигнах, сайн хүн байхыг үргэлж тэднээсээ л үлгэрлэдэг.
4. Багаасаа л биеэ даахыг хичээдэг байлаа. Долдугаар анги төгссөн зуны амралтаараа ээжээсээ ажил олж өггэж гуйгаад үнээний фермд цагаан идээ боловсруулах ажил хийж байв. 4000 төгрөгийн цалин авч, ээждээ өгч байсан санагдана. Сүүлд 1999 онд эгчийнхээ компанийн шинэ жилийн хүлээн авалт дээр дуулж цалин авснаа бас мартдаггүй. Тэр цалингаараа студид дуугаа бичүүлсэн юм.
5. Би сайн хүн байхыг л хичээдэг. Хүн чанартай гэх юм уу даа. Бусад зүйлийг авч, мөн олж болно. Мөнх бүх зүйлд ухамсартай, хэтэрхий хариуцлагатай хандах гээд байдаг талтай. Үүгээр минь далимдуулж зарим хүн зөөлчлөх гээд байдаг.
6. Аливаа асуудлаа хэн нэгэнтэй хуваалцаад байдаггүй. Их дотогшоо зантай минь холбоотой юм болов уу даа. Бүх зүйл, асуудал түр зуурынх гэж бодож өөрийгөө тайвшруулдаг. Тэгж бодохоор даван туулахад арай хөнгөн санагддаг юм. Хэсэг хугацааны дараа сонин биш, хэцүү биш санагдах асуудлыг бусдад ярих дэмий.
7. Би мэргэжилдээ дуртай. Гэхдээ дуучин гэдгээрээ бахархдаггүй. Олон жил нэрийн минь өмнө хамт хэлэгдсэн үг болохоор яг үнэндээ сонин биш болчихжээ. Харин ээж болсноороо бахархдаг. Хэвлийдээ хүн бүтээж төрүүлсэн шүү дээ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг толгой өөд, бардам байгаасай гэж хүсдэг. Тэднээр маш их бахархдаг.
8. Шийдвэр гаргахдаа маш удаан. Их боддог. Харин амьдралдаа гаргасан хамгийн том бөгөөд зөв шийдвэр нь дуучин болсон минь.
9. Би ээжтэйгээ илүү дотно өссөн. Ээж минь аавын аргыг олчихдог, дийлдэг учраас тэр байх. Тийм ч болохоор хатуу шүүмжлэлийг ээжээсээ л сонсдог байлаа даа. Хамгийн дотнын хүн л хамгийн үнэн, зөв шүүмжлэл хэлдэг шүү дээ. Намайг багаас миньл авьяас мэдрэмжээ чамлаж, улам ахиулж явах ёстойг шууд хэлэхгүй ч ойлгуулсаар ирсэн. Би үүнийг миний өнөөдрийнамжилтын хамгийн том хөшүүрэг гэж боддог.
10. “Тайзан дээр л аз жаргалыг мэдэрдэг. Хөгжим миний амьдралын салшгүй хэсэг” гэдэг үгийг уран бүтээлчдээс сонсоод зүгээр л энгийн үг шиг боддог байв. Харин одоо л жинхэнэ утгаар нь ойлгож байна. Би бусад хүнд дуугаараа хань болдогтоо баяртай явдаг. Бас тайз бүх зүйлийг мартуулдаг, автуулдаг. Нэг төрлийн бясалгал ч юм шиг. Магадгүй миний үүрэг хүмүүсийн аз жаргал, баяр гунигийг хуваалцах юм болов уу.
А.БАЯРЦЭЦЭГ: ӨӨРИЙНХӨӨ ДААЛГАВРЫГ ӨӨРӨӨ Л СОНГОДОГ
1. Мэдээж гэр бүл, ээж, ааваас гадна дотнын найз минь нөлөөлсөн. Дунд сургуулиа төгсөх жил бид хичээлээ тараад л хүсэл мөрөөдлөө, нэг, тав, арван жилийн дараахүеэтөлөвлөөд ярилцдаг байлаа. Тэр найз минь “Энэ дэвтэр дээр бичсэн хүсэл бүхэн биелдэг” гээд нэг улаан дэвтэр бэлэглэсэн юм. Тэр дэвтэртбичсэнээ15 жилийн дараа уншихад үнэхээр түүн дээр бичээд мартсан бүх зүйлс биелсэн байсан.
2. Багадаа сансрын нисэгч болоод НАСА-д ажиллана, эсвэл Холливудад кино найруулагч болно гэж мөрөөддөг байлаа. Сансрын нисэгч болох мөрөөдлөө шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн сансар огторгуйн сэдэвтэй кинонд тоглож биелүүлнэ гэж боддог. Найруулагч болох мөрөөдөл минь сүүлдээ жүжигчин болж хувирсан. Сүүлийн 10 жил хайртай кино урлагийн салбартаа, өдөр бүр мөрөөдлөөрөө, хүссэнээрээ ажиллаж байгаадаа талархдаг.
3. “Чи ирээдүйд ямар ч хүн болж болно. Хамгийн гол нь хүн чанартай л байх ёстой” гэдэг үгийг ой тойнд суутал хэлсэн. Яагаад ч мартахгүй. Энэ үг ямар ч амжилттай, сайн явж байсан хүн даруу дөлгөөн байх ёстойг сануулж, намайг залдаг даа. Бас “Дэлхийн мисс болсон ч гэрийнхээ шалыг угаана шүү” гэж ээжийн хошигнож хэлсэн үг хөөрхөн санагддаг.
4. Их сургуулиа төгсөөд MCS группийн “Гоёо кашмер” компанид маркетингийн ажилтнаар ажлын гараагаа эхэлж байв. Анхны цалингаа аваад ээждээ бэлэг авч өгснөөсанаж байна.
5. “Хэрэв чи ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсвэл хорвоо ертөнц түүний чинь төлөө ажилладаг” гэж Пауло Коелогийн “Алхимич” номд гардаг үгтэй мянган хувь санал нийлдэг. Чин сэтгэлээсээ хүсэх дээр нэмээд түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг байхыг ажлынхаа гол зарчим болгодог.
6. Хүн болгоны бухимдал, гунигаа тайлах арга өөр байх. Миний хувьд бухимдал ихсэх тусам аль болох их унтаж тайлахыг хичээдэг. Бас урам зориг өгөх илтгэлүүд сонсох, бясалгал хийх, найзуудтайгаа ярилцах, аялах, хаашаа ч юм бэ ганцаараа явж, өөрөө өөртэйгөө ярилцах нь сэтгэл санааг минь өргөдөг.
7. “Netflix”-ийн “Марко Поло” олон ангит киноны зургийг Малайзад нэг сар гаруйн хугацаанд авхуулах үеэр аав, ээжийн хуримын 25 жилийн ой тохиосон. Хуримын ойд нь зориулаад гэнэтийн бэлэг болгож тэднийгээ Малайзад аваачсан юм. Яг миний зураг авхуулах өдөртэй ч давхацсан учраас тэднийгээ зургийн талбайд авчирсан. Тус киноны тэр ангийг алдарт “Game of thrones”-ын найруулагч Дэвид Петрарка найруулж байлаа. Зургийн ажил завсарлах зуур аав, ээж рүүгээ харахад нулимс нь цийлэгнэчихсэн, миний хэзээ ч мартаж чадахааргүй тийм гайхалтай харцаар над руу харсан. Учир нь намайг анх мэргэжлээ солиод жүжигчин болно гэхэд хамгийн их эсэргүүцэж, эргэлзэж байсан хүмүүс л дээ. Тэр мөчөөс хойш надад бүрэн итгэдэг болсон юм шиг санагддаг.
8. Шийдвэрийг хурдан гаргадаггүй, удаан бодож, эргэлздэг. Гэхдээ нэгэнтээ гаргасан л бол шийдвэртээ бат зогсдог. 10 жилийн өмнө мэргэжлээ сольж, ажлаасаа гарч, Америк руу жүжигчин болохоор явна гэхэд гэрт минь ширүүхэн зүйл болж байлаа. Зөрүүдэлж, дотоод сэтгэлээ сонсож гаргасан энэ галзуу үйлдлээамьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэж би боддог.
9. Хамгийн хайртай хүнээсээ хамгийн их шүүмжлэл сонсдог болов уу. Ээждээ бараг өдөр болгон л шүүмжлүүлнэ шүү дээ. “Хүний үг сонс, даруухан бай, эрүүл мэнддээцаг гарга” гээд л үргэлж надад сайн сайхныг санаж, хэлдэг.
10. Хэн нэгний даалгавраар энэ хорвоод ирсэн гэж боддоггүй. Огторгуй ертөнц агуу том, уудам. Энэ үл төсөөлөгдөм хэмжээс, тэнд байх магадлалтай амьд оршихуйнуудын хажууд нэг хүн, миний биесансрын жижигхэн тоосонцортой ладил. Миний оршин байгаа нь намайг хүрээлж буй хүмүүст л нөлөөлөхөөс биш, сансар огторгуйн хэмжээст нөлөөгүй. Тиймээс амьдралын утга учир гэж ийм, тийм байх ёстой гэсэн тогтсон зүйл байхгүй гэж боддог. Амьдралын утга учраа хүн өөртөө юу гэж тодорхойлно, юу хийж бүтээхэд амьдрал утга учиртай болж буй мэт мэдрэмж төрж байна, тэр л үнэн гэж боддог. Тиймээс өөрийнхөө даалгаврыг өөрөө сонгодог.