МҮОНРТ, UBS телевиз, “Шинэ цирк” төв хамтран “Мартаж болохгүй манеж” цуврал баримтат киног үзэгчдэд хүргэдэг. Тус цувралын тав дахь киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн цувралд монгол циркийн алдарт алиалагч, хошин урлагийн нэрт төлөөлөгч, Гавьяат жүжигчин Д.Батсүхийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн байна. “Андаа дурсахуй” нэртэй эл баримтат киноны найруулагчаар “Шинэ цирк” төвийн тэргүүн, циркийн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Зоригт, ерөнхий редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк нар ажиллажээ. “Андаа дурсахуй” киног өнөөдөр 13.30 цагаас “Тэнгис” кинотеатрын дөрөвдүгээр танхимд олны хүртээл болгоно. Ташрамд сонирхуулахад, “Мартаж болохгүй манеж” цувралын эхний баримтат кинонд Монголын циркийн анхны эмэгтэй Гавьяат жүжигчин Г.Эрдэнэцэцэг, удаахад Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш нарын амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлсэн юм. Мөн Монголын циркийг үүсгэн байгуулагч анхны гурав буюу Ж.Раднаабазар, Л.Нацаг, Г.Гомбо нарын талаар болон Монгол уран нугаралтын талаарх баримтат кинонуудыг үзэгч олонд толилуулсан билээ.