Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний долоон сарын “зүрхний бичлэг”-ийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Улсын хэмжээнд өнгөрсөн долдугаар сард инфляц 15.7 хувьд (өмнөх оны эцсээс 10.6, өмнөх сарынхаасаа нэг хувиар өссөн дүн) хүрчээ. Үүний 6.3 нэгж буюу 40.1 хувьд нь хүнсний бүлэг нөлөөлсөн аж. Тэгвэл импортын барааны үнийн өсөлт хамгийн өндөр буюу 54.1 хувиар нөлөөлсөн үзүүлэлт гарсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Монголбанкны зорилтот түвшнээс (зургаан хувь, үүнээс нэмэх, хасах хоёр хувийн интервалд буюу 4-8 хувьд байлгах) давсан хэвээр. Инфляц ийнхүү 15.7 хувь болоход хүнсний ногооны үнэ жилийн 82.6 хувиар нэмэгдсэнээр хоёр, бензин, шатахууных 39.2 хувиар дээшилснээр 1.9 нэгж хувиар нөлөөлсөн гэнэ. Сонирхуулахад, хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр, төрлийнх нь үнийг судалдаг билээ. Тэдгээр 373 нэр, төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортынх бөгөөд нийт жингийн бараг тал буюу 45.5 хувийг нь эзэлж байгаа юм. Инфляц өсөхөд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний нэг, өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензиний литрийнх нь үнэ өнгөрсөн долдугаар сард дунджаар 2389 төгрөг болсон нь 2019 оныхоос 30, дараа жилийнхээс нь даруй 71, 2021 оныхоос 17 хувиар дээшилсэн байх жишээтэй.
Энэ оны эхний хагас жилд манай улсын эдийн засаг өмнөх жилийн мөн үеийнхээс 1.9 хувиар өсжээ. Эргэн сануулахад, эхний улиралд ДНБ 3.9 хувиар агшсан бол ийн тэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн 1-6 дугаар сарын байдлаар ДНБ оны үнээр 23, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 12.8 их наяд төгрөгт хүрсэн аж. ДНБ-ий 2021 оны эхний хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байв. Харин энэ оны хувьд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт түлхүү нөлөөлснийг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 2022 оны эхний хагас жилд 2.2 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 222.6 тэрбумаар (11.3 хувь) нэмэгджээ. Харин ачааны хүндийг үүрдэг уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг өнгөрсөн 1-6 дугаар сард 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь 464.6 тэрбумаар доошилсон гэсэн үг. Нүүрсний олборлолт 44, газрын тосных 97.5, зэсийн баяжмалынх 16.3 хувиар багассан нь үүнд голлон нөлөөлсөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 1-7 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсаныг бид өмнө нь уламжилсан. Эл хугацаанд экспортын дүн 6.46, импортынх 4.76 тэрбум “ногоон”-д хүрсэн юм. Энэ нь экспортын хэмжээ 2021 оны мөн үеийнхээс 1.7 тэрбум, импорт 924 сая ам.доллароор давсан гэсэн үг. Монгол Улсын экспортод ихээхэн нөлөөтэй уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа алтны нийлүүлэлтийн биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.3 дахин, зэсийн баяжмалынх 15, нүүрснийх долоон хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин төмрийн хүдрийнх даруй 51 хувиар багасжээ.
Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эхний хагас жилд 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь урсгал дансны алдагдлаас шалтгаалсныг дээрх хорооныхон тэмдэглэв. Тодруулбал, урсгал дансны алдагдал өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.1 тэрбум “ногоон”-оор нэмэгдэхэд барааны худалдаа болон анхдагч орлогын алдагдал голлон нөлөөлжээ. Өнгөрсөн 1-7 дугаар сард мөнгөний нийлүүлэлт 27 их наяд төгрөгт хүрсэн нь 2021 оны мөн үеийнхээс 1.5 хувь буюу 414.4 тэрбум төгрөгөөр багассан үзүүлэлт боллоо. Тэгвэл нийт зээлийн өрийн үлдэгдэл 23.3 их наяд төгрөгт хүрсэн нь 3.9 их наядаар (20 хувь) өссөн дүн гэнэ. Үүний дийлэнх буюу 10.8 их наяд нь хувийн байгууллагуудад ногдож буй. Чанаргүй зээлийн хувьд 2.11 их наяд төгрөгт хүрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 6.8 хувь буюу 134.6 тэрбумаар дээшилсэн үзүүлэлт бөгөөд 1.22 их наяд нь хугацаа хэтэрсэн зээл аж.
Манай улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний долоон сард 8.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс нэг их наядаар дээшилсэн дүн бол тэнцэл 788.4 тэрбумын алдагдалтай гарчээ. Төсвийн орлого нэмэгдэхэд бусад татвар, төлбөр хураамжийнх 938 тэрбумаар өссөн нь түлхүү нөлөөлсөн гэнэ. Үүнээс гадна төсвийн зарлага болон цэвэр зээлийн хэмжээ 9.5 их наядад хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс нэг их наяд төгрөгөөр (11.9 хувь) нэмэгдсэн үзүүлэлт болов. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2021 оны мөн үеийнхээс 2.3 хувиар буурчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар голлон нөлөөлсөн аж. Эл салбарын үйлдвэрлэл 6.7 хувь буюу даруй 509 тэрбум төгрөгөөр буурсан бол боловсруулах салбарынх 8.8, цахилгаан, хий, агааржуулалтынх 5.7, мөн ус хангамж, хүрээлэн буй орчныг дахин сэргээх салбар 19.6 хувиар өссөн гэнэ.
Ажиллах хүчний тухайд эхний хагас жилд 1.16 саяд хүрсэн нь 2021 оныхоос 59.2 мянгаар (5.4 хувь) нэмэгдсэн дүн. Үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо хамгийн олон буюу 42.6 мянгаар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа дурдсан юм. Улмаар тус салбарт ажиллагсдын тоо 448.4 мянгад хүрснийг статистикаас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, эл салбарт ажиллах хүчний дийлэнх нь ногдож буй хэрэг. Тэгвэл хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас болон ан агнуурын салбарт 286.6 мянган хүн ажиллаж буй нь 2021 оныхоос дөрвөн мянгаар багассан гэсэн үг. Түүнчлэн барилгын салбарт ажиллагсдын тоо 83.4 мянга болсон нь 2.1 мянгаар цөөрсөн дүн болов. Бас худалдааны салбарт 140.8 мянган хүн ажиллаж байгаа нь 11.7 мянгаар багассан үзүүлэлтэд тооцогджээ. Харин уул уурхай, олборлолтын салбарт 62.2 мянган хүн ногдож буй нь 4.8 мянгаар олширсон гэсэн үг. Үүнээс гадна үйлдвэрлэлийн салбарт 143.5 мянган иргэн ажиллаж байгаа нь 29.6 мянгаар нэмэгдсэнийг илтгэж буй.
Өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ энэ оны хоёрдугаар улиралд 1.1 сая төгрөг болсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төдийлөн өөрчлөгдөөгүй буюу ес, харин өмнөх улирлынхаасаа 53 мянгаар буурсан дүн гэнэ. Бодит мөнгөн орлогын хэмжээ өмнөх оныхоос 0.8 хувиар багасахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 67 мянгаар (19.3 хувь) буурсан нь нөлөөлсөн гэнэ. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ доошлоход л өрхүүдийн сарын дундаж орлого буурчихаж байгааг эндээс харж болохоор байна.
Дээрх статистикаас харвал, инфляцын өсөлтийг “барих”, улсын эдийн засаг “уруудахаас” аварч ирсэн таваарын экспортын хэмжээ багассанд анхаарах, уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төсвийн зарлага болон цэвэр зээлийн хэмжээ дээшилсэн гээд санаа чилээх асуудал мундахгүй нь. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар дунджаар 54 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тухайлбал, нүүрс 68.7, зэсийн баяжмал 73.4, төмөр 47, алт 53.6, цайр 86.4 хувьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2022 он дуусахад дөрөвхөн сар гаруй хугацаа үлдчихээд байхад зорилтынхоо талыг нь л биелүүлээд буй хэрэг.
Бэлтгэсэн Б.Сонор