Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлээс 35 хүртэлх насны уран бүтээлчдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Алтан бийр” уралдаант үзэсгэлэн нээлтээ хийжээ. Залуу уран бүтээлчдийг дэмжих, урам өгөх зорилгоор 11 дэх жилдээ болсон уралдаанд 160 гаруй бүтээл ирснээс 120-ийг нь онцолж, Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд дэлгэсэн аж. Өнгөрсөн жилээс хойш уг үзэсгэлэнг олон улсын хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд энэ удаа ӨМӨЗО, Их Британийн уран бүтээлч оролцсон байна.
Нүүрээ будаж, чихэвч зүүсэн, амьсгалын аппараттай будда бурхны өөр өөр төрх, дээлтэй эхнэрээ мотоциклдоо сундалж, гэрээ ачсан хослолтой залуу гээд уламжлалаа орчин үеийнхтэй хослуулсан бүтээл эндээс олныг харж болно. Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутан болон тодорхой туршлагатай уран бүтээлчийн зураг нэг дор буй учраас арга ажиллагаа, чадварын хувьд ялгаа байлаа.
Хурганы арьс, пянз, чөдөр ногт, дөрөө, бурхны хөрөг, зургадугаар таван жилийн гавшгайч медаль зэрэг төрөл бүрийн эд зүйл өлгөсөн монгол гэрийн хаалганы цаана олон хүний фэйсбүүкийн нүүр зургийг наажээ. Уг инстоляцыг бүтээсэн П.Мөнхгэрэл “Нас хүйс, хэргэм зэрэг үндэс угсаа, мэргэжил, шашин шүтлэг үл харгалзан 1071 хүний фэйсбүүкийн нүүр зураг ашиглан сонирхолтой кодоор бүтээл хийлээ” хэмээн бичжээ.
Гар утсандаа QR код тайлдаг аппликейшн суулгаж, уг зургийг уншуулахад “Долоон тэрбум хүнээс та дахин давтагдашгүй цор ганц бүтээл” гэсэн түлхүүр өгүүлбэр гарч ирэв. Техникийн дэвшлийг уран бүтээлтэй хослуулсан нь сонирхолтой аж.
Репиний нэрэмжит академийн багш Б.Отгонтүвдэн, ахмад зураач С.Төгс-Оюун нар П.Ганзоригийн арьс, метал хослуулсан “Урсгал” бүтээлийг магтаж харагдсан. Энэ удаагийн алтан бийрийн эзнээр зураач Б.Орхонтуул “Нисдэг нь...” зургаараа тодров. Зураач залуу өөрийгөө өөр дээрээ мордчихсон өгүүлэмжтэйгээр зуржээ.
Тэрбээр “Гадаад орчноос илүү миний дотоод ертөнцөд болж буй хувьсал, уран бүтээл хийж байхад мэдрэгддэг шаналан, баяр баясал, хүсэл хясал сонирхолтой санагддаг. Тиймээс дотор болж буй үйл явцаа аль болох илэрхийлэх гэж сүүлийн үед өөрийгөө зурж байна. Хүн, тэр дундаа уран бүтээлч өөртэйгөө ажиллаж, дотоод сэтгэлээ тольдон, залж жолооддог гэдэг санааг энэ зургаараа илэрхийлэх гэсэн юм. Миний толгой болон тэр сар шаар шиг байгаа биз.
Үзүүртэй зүйлээр хүрэхийн төдийд л хагарчих эмзэг хэрнээ энэ хорвоод байдаг ч юм шиг, үгүй ч юм шиг зүйлсийг үүгээр бэлгэдсэн. Мэдээж сар хэзээ ч шаар шиг мөн чанартай байхгүй. Гэхдээ хүний сэтгэхүй шаарыг ч сар шиг болгож чадна” гэв. “Алтан бийр”-ийн хүрээнд ирэх бямба гаригт таталбар зургийн уралдаан болж, залуу яруу найрагчид шүлгээсээ сонирхуулан, уран бүтээлч Д.Давааням “Гэрэл зургийн мультмедиа” сэдвээр семинар зохион байгуулах нь.