Оюутан насны дурсамж сэдрээдэг “Оюутан нас аялгуу” дууны клипийг үзээгүй хүн ховор байх. Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эл дуугаа “Гурван охин” болон “Аялгуу” хамтлагтай хамтран дуулсныг ч санаж буй биз ээ. 1998 онд хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн Д.Баясгалан, Б.Нарангэрэл, Р.Борхүү, А.Зоригт хэмээх дөрвөн залуу “Аялгуу” нэртэй хамтлаг байгуулжээ. Гадаад дууг чадварлаг дуулж, рок попын тогоонд ч хөл тавив. Гэвч хоёр гишүүн нь амьдралын шаардлага, ар гэрийн шахалтаар хамтлагаа орхиж, Д.Баясгалан, Б.Нарангэрэл нар бууриа сахин үлджээ. Тэд нэгэнт эхэлсэн зүйлийнхээ эцсийг үзэхийг хүсэж, шинэ гишүүдийн эрэлд гарсан аж. Хамгийн түрүүнд хамтлагтаа Э.Сүхжаргалыг элсүүлэв. Ингээд дахин нэг хүн хайж, шалгаруулалт явуулжээ. Эцсийн шалгаруулалтад хоёр залуу тунаж үлдсэнээс Э.Бат-Эрдэнийг хамтлагийн шинэ гишүүнээр сонгосон байна. Ингэж 2004 оны гуравдугаар сарын 1-нээс шинэ бүрэлдэхүүнээрээ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.
ХӨӨРҮҮ МӨРӨӨДӨЛ
Шинэхэн хамтлагт уран бүтээлээ хийхэд нь санхүүгийн хүндрэл тулгарав. Харин яг энэ үед нь “Аялгуу” хамтлагийг “Улаанбаатар палас”-ын захирал О.Баяр ивээн тэтгэж, уран бүтээлээ туурвих боломж олгожээ. Тэрбээр тус хамтлагийнханд ганцхан шаардлага л тавьсан гэнэ. Энэ нь хамтлагийнхаа нэрийг солих явдал байв. Энэ тухайгаа Э.Сүхжаргал “Ер нь “Аялгуу” гэдэг нэрийг солихоор ярилцаж байх үед продюсер ч тийм санал гаргасан юм. Их олон нэрнээс Б.Баясгалангийн маань санал болгосон “Take off” нэр хамгийн их таалагдаж, бүгд санал нэгтэйгээр зөвшөөрсөн дөө. Их олон утгатай ч, бид “газраас тасрах, хөөрөх” гэсэн утгаар нь бэлгэдэж энэ нэрээ өгсөн юм” хэмээв. Нэрээ сольсон шинэхэн хамтлаг маань ганцхан сарын дотор “Чи яагаад би”, “Хэн нэгнийг”, “Зүүдний минь шөнө” хэмээх эхний гурван дуугаа “Сонор” студид бичүүлж, өөрсдийн гэсэн уран бүтээлтэй болов. Б.Нарангэрэл “Дуунуудаа богино долгионы радиогоор цацуулахын тулд их гүйсэн дээ. Очиж уулзана, гуйна. Өглөө эрт цуглаад л тал тал тийшээ дуунуудаа аваад явцгаана. Халаас хоосон ч, бидэнд дэврүүн хүсэл мөрөөдөл байлаа. Машинтай хүн байхгүй болохоор өдөржин алхдаг байж билээ” хэмээн дурсав. Д.Баясгалан “Радиогоор бидний дуулсан дуу явж байхыг сонсоход их сонин санагддаг юм билээ. Ичих ч шиг, баярлах ч шиг. Хажуугаар зөрсөн хүнд “Энэ дуулж байгаа чинь би шүү дээ” гээд хэлчихмээр” хэмээв. Тэд нэг жилийн дотор цомог гаргах хэмжээний дуутай болж, анхны цомгоо гаргахаар зоригложээ. Ийнхүү Г.Пүрэвдорж, Б.Долгион, Б.Наранзун зэрэг хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээс бүрдсэн “Гурван цаг” цомгоо 2005 онд “өлгийдөв”. Энэ цомогт багтсан таван дууны клипийг “Desoft” студийнхэн ивээн тэтгэн, хийж өгчээ. цомгийнхоо тухай Э.Сүхжаргал “2005 оны дөрөвдүгээр сард урд хөрш рүү анх удаа хамтлагаараа, цомгоо хэвлүүлэхээр явлаа. Бас тоглолтын олон хувцас авсан даа. Анхны аялал болохоор сонирхолтой байж билээ” хэмээн дурсамж сөхөв. Б.Нарангэрэл “Галт тэрэгний буудал руу хайрцагтай цомгуудаа тосохоор явж байхдаа ямар их догдолсон гэж санана. Эхний хайрцгийг задалж, цомгоо гартаа барихад нисэж буй мэт болж билээ. Эргүүлж тойруулж хараад л, сонсохоор яараад л. Тэр үед Д.Баясгалан маань машинтай болчихсон байлаа. Даанч машинд нь CD тоглуулагч байхгүй. Тэгээд л бэлтгэлийн байр руугаа яаран ирсэн дээ. Яаж баярлаж, нэг нэгэндээ баяр хүргэж, гар барьцгааж байснаа одоо ч тод санадаг” хэмээлээ. Ингээд “Take off”-ынхон тэр оныхоо зургадугаар сард цомгийнхоо нэрээр нэрлэсэн анхны тоглолтоо “Улаанбаатар палас”-т хийжээ.
ДЭЭШ ХӨӨРӨӨД ДООШ БУУСАН НЬ
“Д.Баясгалан маань биднээс дөрвөн насаар ах. “Цаг хугацаатай уралдаж ажиллах хэрэгтэй. Дөрвөн оймс илүү элээсний хувьд би та нарт хэлж байна шүү” гээд л загнадаг байж билээ. Их зарчимч, дайчин зантай. Харин Б.Нарангэрэл маань дуу цөөтэй мэт харагддаг хэрнээ их хөгжилтэй. Хамт байхад уйдна гэж байхгүй. Э.Бат-Эрдэнэ их мэдрэмжтэй, аливаад ул суурьтай ханддаг. Нэг хүсэл мөрөөдөлтэй ч гэлээ бид дөрвөн өөр араншинтай хүмүүс. Уран бүтээлээс болж маргаж, нударга зөрүүлэх үе ч байлаа. Гэлээ гээд дөрвөн тийшээ хараад суудаггүй, аль болох хурдан учраа олж, дуугаа хамт дуулахыг хүсдэг байв” хэмээн Э.Сүхжаргал дурссан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Гэрийнхэн маань маш их дэмждэг байсан учраас бид санаа зовох зүйлгүйгээр ажиллаж чаддаг байсан. 2006 он бол манай хамтлагийн ид оргил үе байлаа. Хоёрхон жилийн дотор бид “Гурван цаг”, “Мартахгүй” цомог гаргаж, мөн хоёр ч бие даасан тоглолт хийчихсэн. “Мартахгүй” хоёр дахь тоглолтыг маань “Хархорин” худалдааны төвийн захирал Ч.Лхагвадорж ах ивээн тэтгэж байв. Хоёр дахь цомгийн маань ихэнх дуу хит болсон. Бүх зүйл санаснаар нь бүтэж эхлэхэд хүмүүсийн ааш өөрчлөгддөг юм билээ. Бид ч тэгсэн. Хамтлагаа дөнгөж байгуулж байх үеийнх шигээ идэвхтэй ажиллахаа больж, эрч хүч буурсан. Мөн эхнээсээ гэр бүл зохиож, уран бүтээлд зарцуулах цаг нь багасаж эхэлсэн дээ. Ингэж явсаар нэг л мэдэхэд бид уран бүтээлээс хөндийрөх болов. 2008 онд “Хайрын нислэг” цомгоо гаргалаа. Гэсэн ч өмнөх цомгууд шиг амжилтад хүрээгүй. 2009 он гэхэд манай хамтлаг мартагдаж эхэлсэн. Тэр үед Д.Баясгалан маань ганцаарчилсан уран бүтээл хийж, Б.Нарангэрэл хувийн студи байгуулж, Э.Бат-Эрдэнэ үргэлжлүүлэн их сургуульд сурч, би Ирланд руу явчихсан” хэмээлээ. Ингээд тус хамтлагийн сураг алдрав.
2013 онд Э.Сүхжаргал Ирландаас эргэн ирж, хамтлагийнхнаа цуглуулжээ. Тэд уран бүтээлээ завсарласан дөрвөн жилийн хугацаанд хувийн амьдрал, ажлаа төвхнүүлжээ. Эргээд хамтлагийнхаа уран бүтээлд шамдахад ямар ч саад байсангүй. Тэд хамтлагийнхаа 10 жилийн ойг угтан шинэ уран бүтээл хийж, ойн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингээд 2014 онд тэд “Take off unplugged” тоглолтоо хийв.
“ЗАЛУУ НАС”
Эргэн нийлсэн “Take off”-ынхон 2016 онд “Зүрхний” тоглолтоо үзэгчдэд хүргэхээр зэхэв. Гэтэл Э.Бат-Эрдэнэ эл тоглолтод оролцож чадахгүй, хамтлагаа орхих болсон тухайгаа хэлжээ. Ингээд нэгэнт төлөвлөсөн тоглолтоо хийх, хамтлагийн уран бүтээлээ үргэлжлүүлэхийн тулд тэд “сэлгээ хийж” Б.Батзолбоог хамтлагтаа авсан юм. Энэ тухай Б.Нарангэрэл “Уран бүтээлээ хэсэг завсарлачихаад эргээд нэгдэхэд их эвгүй байсан. Нэг нэгэндээ гомдсон, харьцаа ч хөндийрсөн байв. Удалгүй Э.Бат-Эрдэнэ хамтлагаас гарах тухайгаа хэлсэн. Бидэнд дахиад болих, хойш суух бодол байгаагүй. Тиймээс явах хүнийг үдэж, шинэ хүнээ угтсан” гэлээ. Б.Батзолбоо “Энэ дөрөвтэйгөө эртний найзууд л даа. Хамтлагтаа орооч гэсэн санал тавихад нь их гайхсан ч, дуртайяа зөвшөөрсөн” хэмээв.
Өнгөрсөн онд тус хамтлагийнхан уран бүтээлийн олзтой байжээ. “Зүрхний” тоглолтоос хойш олон ч аймаг, Азийн орнуудад аялан тоглолт хийв. Түүнчлэн хамтлагийн гишүүн Б.Нарангэрэлийн байгуулсан “Эрхэс” энтертайнмент “Явуулын хүн” уран сайхны киногоо олны хүртээл болгосон бол Д.Баясгалан “Сумандаа сайхан амьдаръя” төслөө үргэлжлүүлэн “Рояал” телевизээр нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэж, Б.Батзолбоогийн удирддаг “JO” энтертайнмент олон тоглолт, арга хэмжээг зохион байгуулжээ. Харин Э.Сүхжаргал “Эко” телевизэд ажиллаж буй бөгөөд ганцаарчилсан уран бүтээл хийж буй аж. Энэ онд тус хамтлагийнхан бие даасан дөрөв дэх цомгоо гаргахаар төлөвлөжээ. “Залуу нас” хэмээн нэрлэхээр зэхэж буй эл цомогтоо найман шинэ уран бүтээлээ багтаах аж. Мөн Европын орнуудад аялан тоглолт хийхээр бэлтгэж байгаа ажээ.