Нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншилтай холбогдох 56 мянга гаруй үзмэртэй Монголын үндэсний музей нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, аравдугаар ангийн сурагчдад үнэ төлбөргүйгээр үйлчлэх эрх олголоо.
Тодруулбал, дээрх музей нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 120 орчим ерөнхий боловсролын сургуулийн 50 гаруйтай нь гэрээ байгуулжээ. Улмаар БСШУСЯ-наас баталсан “Цөм хөтөлбөр” болон ЕБС-ийн түүхийн хичээлтэй холбогдуулан аравдугаар ангийн сурагчдад энэхүү боломжийг олгож байна. Гэрээ байгуулсан сургуулийн аравдугаар ангийн сурагчид нэгээс зургадугаар сард үнэгүй үйлчлүүлэх аж.
Түүнчлэн сурагчдаа дагуулж ирсэн багш, цэцэрлэгийн насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх гэнэ. Үндэсний музейд хүүхдэд зориулсан “Музейн боловсролын өрөө” байдаг бөгөөд үүнд бүх насны хүүхдэд зориулсан олон сонирхолтой хөтөлбөр байдаг аж.