“Аз жаргал гэж юу вэ” хэмээн хэд хэдэн хүнээс асуухад олонх нь элэг бүтэн, энх тунх, сэтгэлийн түгшүүргүй амьдрах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хайртай хүнтэйгээ байх зэргээр хариуллаа. Магадгүй та ч гэсэн ийн өөрийгөө, ойр тойрныхноо бодсон хариулт дотроо тунгаасан байж болох.
Харин агуу хүний бодол жирийн бус байдаг учраас л амжилтад хүрдэг бололтой. “Эргээд харах нь ээ, зон олонд бага ч болов хэрэгтэй зүйл хийж соёлт ертөнцөд үлдээхийг аз жаргал гэнэ” хэмээн дээхнэ үед “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан хүн бол Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гэлэгийн Одон.
Тэрбээр өдгөө үгүй ч бүтээлүүдээрээ гэрэлт хөшөөгөө босгож, олон жилийн хөдөлмөрийнх нь үр шимээс соёолсон сурагчид нь Монголын урлагийн нүүр царай болж, тэднээс үндэслэсэн шавийн шавь нар ч хаа хүртэл “ургахыг” мэддэг байсан учраас аз жаргалыг хангалттай амссан биз ээ. Энэ удаагийн “Дурсахуй” буланд Ардын зураач Г.Одонг онцолж байна.
Түүний өвөө Жалсан Буриадын Агын Сүүгэлийн дацанд судрын модон бар урладаг алтан гартай хүн байжээ. Г.Одонг 1925 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрөхөд өвөө нь “Миний гарын урыг өвлөсөн байх” гээд од, хиймортой явахыг бэлгэдэж энэ нэрийг хайрлажээ.
“Нэхмэлчид” зургийнхаа баатруудтай
Тэрбээр хожим Сүхбаатарын одонгоор шагнуулахдаа “Одон нэмж авсан, аваагүй би өөрөө одон шүү дээ” хэмээн хошигнож байсан гэдэг. Одонгийн аав 10-аад шар тэргээр жин тээж, Манжуурт арьс шир, ноос арилжаад дэвтэр, харандаа, дээлний өнгө зэргийг нутгийнхандаа дөхүүлдэг байж. 1932 онд Манжуурт Япон тоглоомын Манж-Го улс байгуулахад ч жин тээсээр явсан нь түүнд гай удаж, их хэлмэгдүүлэлтийн үед тагнуул хэмээн баригдаж, хилс хэргээр цаазлуулсан аж.
13 настай сурагч Г.Одон ээж, дүүгийн хамт өнчирсөн байна. “Миний хүү эрдэмтэй хүн болох ёстой” гээд ээж нь Дашбалбар сумаас 90 гаруй км зайтай Улз голын хошуунд (Баяндун сум) бага сургууль байгуулагдахад оруулсан аж. “Тэр үед япончууд дайн эхлүүлэхээр хэд хэдэн удаа өдөөн хатгаж, хил орчмоор түгшүүртэй байсан гэдэг. Хүнс хомс энэ үед ядарсан ижий нь тэр бүр хүүдээ юм явуулах боломжгүй байж. “Аав, ээжийн захиснаар би номтой хүн болох ёстой гэж чардайж байж сурсан” гэж аав дурсдаг байсан” хэмээн охин О.Нямаа нь ярьсан.
Сургуулийнхаа ойролцоох Наранбулгийн рашааны шавраар төрөл бүрийн амьтны дүрс хийдэг, бас ч гэж модоор сийлбэрлэдэг гарын дүйтэйг нь тухайн үед Баяндунд багшилж байсан, хожмын нэрт эрдэмтэн, биологийн ухааны доктор А.Дашдорж ажиглаад Эрхүүд сургуульд явуулахаар болжээ.
Ийн 1939 онд Улаанбаатарт очтол сургуулийн хуваарьтай хүүхдүүд аль хэдийнэ явчихсан байж. Соёлын яамны мэргэжилтэн Хөдөө аж ахуйн техникумын хуваарь өгснөөр Г.Одон 1942 онд усан техникч мэргэжил эзэмшжээ. Тэрбээр Мал, газар тариалангийн яаманд томилогдон ажиллахдаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтад оролцсон гэдэг. Түүний анхны даалгавар бол усан техникч Содномцэрэнтэй хамтарч Их тэнгэрийн амны намгийг хатаах байв.
Тэднийг Маршал Х.Чойбалсангийн зуны харшид тулчихсан шахам намаг угтсан гэдэг. “Чойбалсан гуай оройхон нөмгөн дээлтэй гарч ирээд хараад зогсчихоор нь үхтэлээ айж, ажлаа ч хийж чадахаа болино. Бортолгой гуай хааяа хоол, чихэр өгдөг байсан” гэж тэрбээр хүүхдүүддээ ярьж байжээ. Сар орчмын дараа намаг хатахад Маршал “Чи тэгж байгаад алтан гартай хүүхэд юм аа” хэмээн баяр хүргэж гар барьсан байна.
Сүхбаатарын талбайн ногоон байгууламжид усалгааны тоног төхөөрөмж байрлуулж, 16 настайдаа Хэнтий аймгийн Норовлин сумын зүүнтээ Мөстийн адаг гэдэг газар Улзын голд усан тээрэм байгуулалцсан аж. Энэ тухайгаа “Уг ажилд нутгийн ардуудаас дайчлах болж, Мал, газар тариалангийн яамнаас тэдэнд цалин бодсоноо надад өгсөн. Ууттай мөнгөө алдчих вий гэж санаа зовохдоо өдөр бүр тарваганы өөр өөр нүхэнд нуудаг сан” гэж дурссан байдаг.
Тэрбээр усан техникчээр ажиллаж байхдаа ч зурах хүслээ орхилгүй Зураг урлалын газрын дэргэд Д.Чойдог, Ү.Ядамсүрэн нарын байгуулсан уран зургийн бүлгэмд элсчээ. 1945 онд уг бүлгэмийн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, Г.Одонгийн дөрвөн ч зураг танхимд заларсан байна. Энэ үеэр Х.Чойбалсан түүний “Шөнийн айл” зургийг хараад “Үүнийг зурсан хүүг дууд” гэсэн байна. Тэр үед Мал, газар тариалангийн яамны зараалаар мал нядлах ажилд дайчлагдсан хүү усны гутлаа ч сольж амжилгүй очжээ.
“1206 он” зургийн загвар
Х.Чойбалсан “Хүүе, нөгөө алтан гарт байна шүү дээ. Энэ зургийг чи зурсан хэрэг үү” гээд “Энэ хүүг Москвад сургуульд явуул” хэмээн Д.Чойдог гуайд үүрэг өгсөн байна. Маршалын билэгийн нүдний ач, хувь заяа, чин хүслийнхээ буянаар 1945 оны намар буюу дөнгөж дайн дууссаны дараа Суриковын нэрэмжит уран зургийн академид Н.Цүлтэм, Ц.Доржпалам нарын хамт элссэн юм байна.
Энэ үеийнхээ тухай “Дайн ямар гамшиг тарьдгийг Москвад бараг хагас сар явж хүрэх урт аян замд сэтгэл эмтрэн ширтэж, олныг эргэцүүлж байлаа. Орос хэл мэдэхгүй хэцүү байсан ч тэсэж чармайх хэрэг гарсан... Миний анхны өнгөт зургийн багшаар В.В.Почбалов, хар зургийнхаар И.М.Лейзеров нар ажиллаж, мэргэжлийн ангид шилжихдээ Т.Д.Покаожовскийн удирдлага дор төгссөн. Хичээлээс гадуур бие дааж, элдэв юмнаас судалбар, таталбар хийхийг туйлаас эрхэмлэдэг байсан нь мэдлэг чадвараа ахиулахад үлэмжийн тусалдаг байсан” хэмээн “Дүрслэх урлаг” сэтгүүлд хэвлүүлсэн дурсамжиндаа бичжээ.
Дөнгөж дайн дууссан хүнд үед тэнд очсон учраас хоол хүнсээр дутаж, хар талхыг модны үртэстэй хольж амь зогоох үе ч байж. Хожим тэрбээр Улсын багшийн дээд сургуульд багшлахдаа энэ тухай оюутнууддаа дурсдаг байсан гэнэ. Түүний шавь, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид “Баян даргын хүү “Гурван хар талх нэг дор идвэл Цүлтэм, Доржпалам та гурвыг гурван өдөр ресторанд хоолоор дайлъя” гэхэд нь багш идчихсэн гэсэн.
1947 онд Орост хэдэн өдрийн турш дэлгүүрүүд архи, талх үнэгүй тарааж, хүмүүс шуудай шуудайгаар нь зөөж, гудамжаар согтуучууд хөлхөлдсөн юм билээ. Дайн үзсэн ард түмнээ улс нь тэгж нэг цатгаад, хэдэн өдрийн дараа бүх юм голдиролдоо орж, дэлгүүрүүд хэвийн ажилласан гэдэг. Тэгэхэд багш оросуудтай хамт баярласан тухайгаа ярьж байсан” гэв.
Өлсөхийн зовлонг биеэр үзсэн ч сонгодог урлагийн эх орноос эрдмийн дээдийг сурч, 1951 онд ирээд Зураг урлалын газрын зураач, Зураг урлалын дунд сургуулийн багш болоод 1958-1988 онд буюу гавьяаныхаа амралтыг эдэлтлээ Улсын багшийн дээд сургуулийн уран зургийн багшаас тэнхимийн эрхлэгч болтол ажиллажээ. Энэ хооронд Монголын урчуудын эвлэлийн нарийн бичгийн дарга (1962-1996), Соёлын яамны дүрслэх урлагийн тасгийн даргын (1973-1980) алба хашиж байв.
Олон алба давхар хашихын зэрэгцээ 1963, 1973 онд АИХ-ын депутатаар сонгогдож, уран бүтээлээ туурвин, Буриадын соёлын нийгэмлэгийн анхны тэргүүн болжээ. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг байсан нь гайхмаар. Хөрөг зургийн мастер, үндэснийхээ уламжлалыг сонгодог урлагтай хослуулан бүтээлээ туурвидаг байсан түүний уран зургуудаас хамгийн алдартай нь “Ажлын дараа”.
"Ажлын дараа" зураг
Монголын хосгүй үнэт соёлын өвд бүртгэгдсэн, өөрт нь Төрийн шагнал авчирсан уг бүтээлийнхээ талаар тэрбээр “Дүрслэх урлаг” сэтгүүлд “Нэгэн зургийн туршлагаас” гарчигтай дурсамж нийтлүүлсэн байдаг. Үүнд “Зуныхаа амралтаар ээждээ хадлан хадаж, өвөлжөө бууцаа засаж өгөөд буцдаг заншилтай байв... Нэг орой ээж дүү нартайгаа сүүлчийн бухлуудыг хашаандаа татаж нуруулдаад наран шингэхийн өмнө отогтоо харьж явлаа. Өргөн дэлгэр Улзын үдэш цэлмэг тэнгэрийн дор налайж, хадсан газрын чийглэг хөрснөөс ааглаг өвсний ариухан үнэр ханхалж, өвөлжөөнөөс урагш үргэлжлэн ургасан хулсан шугуйн хүрэн түрүүнүүд урьхан салхины аясаар долгиолон халиурах нь сэтгэлд мөнхөрчээ. Өвсөн отогтоо ойртон ирвэл түрүүлж ирсэн ээжийн минь тогоо тавьж, аргалын утаа уугиулсан байдал оройн шаравтар наранд хэчнээн сайхан харагдсан гээ...Би овоохойдоо яаравчлан орж, зургийн хайрцгаа шүүрэн тэр эгшин үзэгдлийг дүрсэлсэн билээ” хэмээн зургийнхаа сэдлийг хэрхэн олсноо бичжээ.
Харин түүний охин О.Нямаа “Оюутан байхад аав “Ажлын дараа” зургийг сайн ажиглаж байв уу. Нэг үзэх хэрэгтэй шүү” гэхэд нь галерей орсон. “Ямар сэтгэгдэл төрсөн бэ” гэж аавыг асуухад хэлэх үг олдоогүй. Дараа нь бид хамт үзэж, “Сайн хар даа. Тэр залуугийн өвөрт юу байна вэ” гэхэд нь л лонхны хэлбэртэйгээр түнтийчихсэн байхыг анзаарсан.
“Энэ залуу гол тракторыг нь жолооддог юм. Айл хэсэж архи эргүүлж алга болоод ирэхдээ бригадын даргад тал засахаар ганц юм авчирсан хэрэг. Өвгөн үүнийг нь авалгүй тас загнасан юм. “Ажлын дараа” гэдэг нэр хоёр утгатай. Энэ залуу бол ажлын садаа, дараа болсон зургийн гол баатар. Уран зураг гэдэг далд утгаар их зүйлийг хэлдэг юм шүү” гэж захисан” хэмээсэн юм.
Тэрбээр 1961, 1975, 1985, 1995 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байснаас үзвэл 10 жилд нэг удаа уран бүтээлээ тайлагнадаг байжээ. Ингэхдээ төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байж. Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид “Биднийг төгсдөг жил багш 58-тай байхдаа “Би 70 настайдаа том үзэсгэлэн зохион байгуулна” гэж ярихад нь 12 жилийн дараахыг одоо ярьж байдаг гэж гайхаж билээ. Гэтэл үнэхээр 70 насныхаа ойгоор үзэсгэлэн дэлгэсэн. Алсыг хардаг, их бодлоготой хүн байж дээ.
Насан туршид цээжинд нь хуримтлагдаж, нуугдаж байсан бүхнийг цагаан морин жилийн ардчиллын буянаар ил болгосон. Социализмын үед хориотой байсан сэдвээр зурсан бүтээлүүдээ тэр үзэсгэлэнгээрээ дэлгэсэн хэрэг. Хэрэв хүний өөдөөс эгцэлж хараад түүхээ үнэнээр нь ярьж чаддаг байсан үед төрсөн бол илүү ихийг хийх байсан” гэв. Үнэхээр ч “1206 он”, “Тулааны өмнө” зэрэг Чингис хааны сэдэвт зургуудынхаа загварыг 1950-иад оноос гаргаж, судалгаа хийж байснаа 1990-ээд оноос уран зураг болгож эхэлжээ.
Тэрбээр 1995 онд олонд хүргэсэн үзэсгэлэнгийнхээ үеэр “Ард түмний захиалга болсон ирээдүйн тайлан үзэсгэлэнгээ гаргахаар түүхэн сэдэвтэй олон бүтээлийн загвар гаргачихсан байгаа. Улсын соёлын санд нэмэр хандив болгоно гэж бүрэн итгэж байна. Зургууд минь та нартай чөлөөтэй ярилцах учраас би тайлбарлаад яах вэ. Та нар харин сайн ярилцаарай. Зураг бүхэн түүхтэй, элдвийг өгүүлэх юм шүү” гэж байсан нь дүрс бичлэгийн хальснаа түүх болон үлджээ.
Харамсалтай нь тэрбээр 71 насандаа тэнгэрт хальсан юм. “Б.Ринчен гуайн “Ану хатан” зохиолын түүхэн эх оронч эмэгтэй, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романы авьяаслаг гоо бүсгүй Оюундарийн бурангуй үеийн бөглүү амьдралыг уран зургийн бүтээл болгомоор байна. Дүрээ ч олсон. Гагцхүү зав зай олдохгүй юм” гэж 1973 онд “Утга зохиол, урлаг” сонинд өгсөн бичил ярилцлагадаа Г.Одон дурдаж байсан ч үүнийгээ, дотроо бодсон олон дүрээ бидний өмнө ил болгож амжаагүй юм.
Түүний талаар үр хүүхэд, шавь нараас нь асуухад алиа хошин зантай, бусдыг ялгаж харилцдаггүй, дэндүү энгийн хүн байсан. Уурлаж байхыг нь ер үзээгүй гэж хэлэлцсэн юм шиг ижил үгээр тодорхойлж байлаа. Ингээд тэднийг энэ түүхт эрхмийн тухай ямар дурсамж дэлгэснийг хүргэе.
О.НЯМАА: НОЙРОО ХАНАХААР Л ХҮН СЭРДЭГ, УНТ, УНТ ГЭДЭГ СЭН
(Г.Одонгийн охин)
-Сургуулиа төгсөж ирээд Зураг урлалын газрын ажилчдын байранд О.Цэвэгжав гуайнд амьдардаг байсан юм билээ. Тэр байранд Н.Цүлтэм, уран хатгамалч Б.Норолхоо, кино зураач О.Мягмарынх байсан гэдэг. Ээж минь Цэргийн төв эмнэлэгт асрагчаар ажилд ороод, О.Мягмарынд сууж байхдаа аавтай танилцаж, тэд 1959 он хүртэл тэнд амьдарсан.
“Ядарч байгаа учраас л нойр хүрч байгаа юм. Унт, унт. Нойроо ханахаар хүн сэрдэг” гэдэг сэн. Айлын ганц охин болоод ч тэр үү, намайг хоёр сартайгаас минь эхлээд их зурсан даа. Хүрхрээгийн аманд зураачдын зуслан байлаа. Аав биднийг дагуулаад судалбар зурахаар уул хадаар их тэнэнэ.
Нар хэрхэн шингэж, мандаж байгааг, борооны дараах тэнгэр ямар байдгийг гээд л байгалийн сайхан үзэгдэл бүрийг буулгана. Өвөл ням гариг бүрийн өглөө Дөчин мянгатаас Зайсангийн амны цанын бааз хүртэл явган алхдаг байсан нь бидний хувьд аялал шиг санагддаг байлаа. Аав судалбараа зурах хооронд бид тоглоод л, хэчнээн сайхан байгаа вэ.
Э.СҮХЭЭ: ЖИНХЭНЭ БАГШ Л ШАВИЙНХАА ТӨЛӨӨ ТЭГЖ ЗОВДОГ БАЙХ
(Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач)
-Багш “Маргааш бийрээ угаахгүй ирвэл чи зураач биш” гэдэг сэн. Одон багш л намайг бийрээ угааж заншихад сургасан. Орчин цагийн зураач нар хатчихсан бийрээр зурж харагддаг. Багш бид хоёр их дотно байсан. Би зуны амралтаараа хоёр жил Увс руу хариагүй юм. Замын зардалгүйгээ багшид хэлэхэд хоёр этюд өгөөд “Зураад ир” гэсэн. Хоёр зургаа долоо хоног зураад багшид харуулахад энд, тэнд нь тодотох хэдэн зүйл нэмж өгөөд, баримт бичиж “Сургуулийн нягтлан бодогчид үзүүл” гэсэн.
Тэгтэл өнөө зургуудыг тус бүрийг нь 800 төгрөгөөр үнэлсэн. Багш надад 800 төгрөг өгч, жааз хийсэн, хоост татсан хүмүүст мөнгө хуваарилсаар өөрөө 200-хан төгрөгтэй үлдсэн. Тэр мөнгөөр би дээл хийлгэж өмсөөд, ижий аавдаа бэлэгтэй очиж байлаа. Багшид сургуулиас захиалга өгснийг надаар хийлгэсэн нь тэр юм билээ. Жинхэнэ багш хүн л шавийнхаа төлөө тэгж зовдог байх гэж тэр үед бодсон. Мэддэг бүхнээ шавь нараасаа нуулгүй бүгдийг хэлдэг, хүнлэг хүн байсан.
П.ЦЭГМИД: БУСДЫГ СОРОНЗОН МЭТ ТАТДАГ ХҮН БАЙСАН
(Монголын зураачдын эвлэлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн)
-Түүн шиг роман, симфонийн дайтай, том өгүүлэмжтэй, олон дүртэй зурдаг хүн Монголд байхгүй дээ. Цэрэг эх орны сэдэвтэй зураг ихийг зурсан. Буриадын эд өлгийн зүйлээр асар том судалгаа хийж байсан. Хичээлийн үеэр бидэнд өгсөн сэдвийн дагуу хамт зурж суудаг сан. Урлагийн ертөнцийн сонин сайхан, дэлхийн болон Монголын түүх, онигоо их ярина.
Бусдыг соронзон мэт татдаг, ихийг уншдаг, цаг яс барьдаг, бүх зүйлд цэвэрч ханддаг, багш болохоор төрсөн хүн байсан. Багш “Зөв” гэж их хэлнэ. Энэ үгийн цаана олон юм нуугддаг байлаа. Түүнийг нас барахад эрдэнэсийн нэг сан үгүй болохтой адил гарз хохирол учирсан.
Зан чанар, өндөр сайхан бие, идэж, ууж байгаа байдал нь сайн эрийн шинжтэй. Хоол идэхдээ хүртэл ерөөж, хүндэтгэж байж иднэ. Хоолонд их сайн, хэд хэдэн удаа хүнтэй мөрийцөж идсэн гэх яриа бий. 1983 онд бид багштайгаа хээрийн дадлага хийсэн юм. Хөвсгөлийн Бүрэнтогтох суманд манай ангийн хоёр ч оюутных байдаг учраас ар гэрийнхэн нь мал төхөөрлөө. Тогоо барих сонирхолтой учраас би хоёр ямаа, нэг тарвагыг нь боосон юм.
Шөлний дээжийг багшид өгөхдөө дээр нь тогтсон, намрын тарган ямааны боодогны хуруу зузаан тосыг асгах гэхэд багш “Хэрэггүй” гээд сайхан ерөөл айлдаж байгаад уучихсан. Тэр өглөө багш хоёр шанага элгэн тараг идсэн байсан учраас “Хоол идэх ч зайгүй боллоо доо” гэж би бодож амжсан юм. Хүмүүс ч нэг боодогныхоо талыг идчихээд зургаа зурахаар гарч, зарим нь жимсэнд явсан.
Би нөгөө ямаагаа боож байгаад нэг хартал багш түрүүчийн боодогны үлдсэн талыг идчихсэн. Дараа нь тарваганы боодгоо бид хоёр хувааж идлээ. Тэгсээр үд хэвийж, ойролцоох рашаанаас нэг литрийн хөнгөн цагаан бидон дүүргэж багшид өгөхөд шүд хага ташим байсныг ч үл хайхран уучихсан. “Багшийг барахгүй юм байна” гээд би ч айлд очоод унтчихсан. Харин багшийг тэр хавийн айлууд урьж залсаар, тэрбээр ер цурам хийлгүй, өглөө халамцуухан орж ирж билээ.
Г.ДУНБҮРЭЭ: “НОЁН БУУЗНУУД НЭГ, НЭГЭЭРЭЭ ОЙРТ” ГЭЖ ХОШИГНОДОГ СОН
(Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач)
-“Өөрийн өнгө төрх, зурах аргаа олж ав. Залхуурч суулгүй, биеэ дайчилж, хүчээ гаргаж, зарчимтай ажилла” гэж Г.Одон багш их хэлдэг байсан. Их шогч, юм идэхдээ хүртэл “Ноён буузнууд нэг, нэгээрээ над руу ойрт” гэх маягтай хошигноно.
Хэнийг ч ялгалгүй “Та” гэж хүндэлнэ. Бусдад өндөр шаардлага тавьдаг. Ингэхдээ “Алив, чи бос” гэж загнахгүй. Өөрөө эрт босоод л яваад өгнө.
Д.АЛТАНГЭРЭЛ: АГУУ ХҮН ОЛОН ЖИЛИЙН ХОЙТОХЫГ Ч ХАРЧИХДАГ ЮМ БИЛЭЭ
(Монголын дархчуудын нэгдсэн холбооны тэргүүн)
-Залхуурна гэдгийг мэдэхгүй, их хөдөлмөрч хүн. Хээрийн дадлагад гарахад багш үүр хаяарангуут л босоод зургаа зурдаг. Би өөр ангид сурч байгаад уран зургийнхад хагас жил хоцорч орсон болоод ч тэр үү, их хичээнгүй. Үүнийг ажигласан багш намайг “Миний муу шоргоолж” гэж өхөөрддөг сөн.
Агуу хүн гэдэг бусдыг зөв таньж, олон жилийн хойтохыг ч харчихдаг юм билээ. Гуравдугаар дамжааны курсийн ажлаар багш надад эмээл хийхийг даалгаад “Миний хүү зураач болоод хол явахгүй. Дархан бол” гэснээр зөв зам руу чиглүүлсэн.
О.НЯМДАВАА: УРЛАГИЙНХАН ТҮҮНИЙГ “ТАГТАА” ГЭЖ ХОЧИЛДОГ
(Г.Одонгийн хоёр дахь хүү)
-Гэрийнхээ нэг өрөөг урлан болгож, тэндээ уран бүтээлээ туурвидаг байсан. Манайхаар хөгжмийн зохиолч, зохиолч, театр, киноны уран бүтээлчид их зочилно. Хааяа тэдний ярианд чих тавихад Монголын урлагт ямар асуудал байгааг л ярьж суудаг сан. Зургаа зурж байхад өрөөнд нь ороход бийрнийхээ үзүүрээр нүүр шүргээд л биднийгээ шоглоно. Бүтээлийнхээ тухай хүүхэд гэж гололгүй асууна. Их тайван, амгалан хүн болоод ч тэр үү, урлагийнхан түүнийг “Тагтаа” гэж хочилдог байсан.
Амандаа хөгжим аялаад л зурж суудаг сан. Нойр сайтай учраас тэтгэвэрт гарснаасаа хойш аажуухан босдог, ээж өглөөний цайг оронд нь уулгадаг байлаа. Ээж хоёр ачаа цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд банштай цай хийгээд өрөөнд нь оруултал хачин болчихсон байсан гэсэн. Манай байр эмч олонтой байлаа. Дугарсүрэн эмч үзээд “Одоо янз бүрийн эм, тарианы хэрэггүй байх. Зовоохын нэмэр” гэсэн юм билээ. Өөд болохоос нь дөрвөн хоногийн өмнө ажлаа тараад очсон юм.
Аав буйдан дээрээ суугаад зурагт үзэж байсан. Ширээнийхээ дор нэг шил архи тавьчихаж. Ганц хундагыг ч болох нь ээ надаар хороолгоё гэж санасан уу, ээж “Чи хүүдээ өгөөч” гэлээ. Аав ууж байсан хундагандаа надад нэгийг хийж өгөөд “Миний хүү харьж яваа юм уу. Сайн явж хариарай” л гэж хэлсэн.
Өөрийгөө удахгүйг зөнгөөрөө мэдэрч байсан ч биднээс нууж байсныг үгүйсгэхгүй. Хамгийн сүүлд тэгж уулзахад нүднийх нь жавхаа буурчихан харагдсан ч ядарсан байх гэж санаад би нэг их юм бодоогүй. Том хүү Цэрэндаваа нь бага эмч, би кино зураач, охин Нямаа хуульч, удаах хүү Пүрэвдаваа хөнгөн үйлдвэрийн инженер болж, Гандаваа бурхан урлаач байгаад 37 настайдаа өөд болсон юм.