Монголын анагаах ухааны зохиолчдын холбоо, МСНЭ-ийн Анагаах ухааны сэтгүүлчдийн салбар зөвлөл, Монголын ахмад эмч нарын холбоо, Эрүүл мэндийн яамтай хамтран 2017 оны олон улсын эмч нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд эмч-яруу найрагчдын шүлгийн дууны цэнгүүнийг 3-р сарын 28-ны 19 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү уран бүтээлийн цэнгүүнд Монгол улсын төрийн шагналт, ардын уран зохиолч хүний их эмч С.Эрдэнэ, Ахмад зохиолч Н.Наваан –Юндэн, Монгол улсын төрийн шагналт Д.Нямаа, Д.Норов, Соёлын гавъяат зүтгэлтэн С.Оюун, Ай Төмөр-Очир болон бусад эрүүл мэндийн салбараас төрөн гарч уран бүтээлээрээ ард түмэндээ танигдсан уран бүтээлчдийн шүлгээр бүтсэн 30 шахам дуу эгшиглэх юм.
Энэхүү тоглотын зорилго нь олон нийтэд танил болсон эмч яруу найрагчдынхаа бүтээлийг мэргэжил нэгт хамт олон болон тэдгээр уран бүтээлчдийн уран бүтээлийг таалан үзэх дуртай үзэгч түмэндээ танилцуулахад чиглэгдэж байна. Тоглолтонд олны танил болсон Г.Зуунай “Нутгийн чулуу”, З.Гүнсэн “Зулай цагаан Алтай”, Д.Нямаа “Дуулим талын хөөрхөн хүүхэн болж уу би”, Н.Наваан-Юндэн “Үхэрчин хүү Цэрэндорж”, С.Оюун “Хорвоод ганцхан ээждээ”, Л.Лувсандорж “Таван эрдэнэ”, Б.Дагданбазар “Ар цармын цэцэг, Г.Пүрэвдорж “Босоо хийморьтой эр хүн”, С.Бадамжав “Ээжийн цай” зэрэг олон дуу эгшиглэх болно.
Энэхүү тоглолтыг зохион байгуулж буй эрүүл мэндийн салбараас төрөн гарсан ахмад зохиолчид тоглолт хийж ашиг олохыг хүсээгүй бөгөөд тасалбарын үнийг бусад тоглолтуудаас хямдаар буюу 10000 төгрөг байлгахаар ярилцаж шийдвэрлэсэнээ хуучилж байлаа. Та бүхнийг энэхүү тоглолтыг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.