Циркийн олон улсын тэмцээн Испани улсад өчигдөр өндөрлөлөө. 10 дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид оролцон, хоёр тусгай шагнал хүртжээ.
Тодруулбал, уран нугаралтын төрөлд өрсөлдсөн Отгончимэг, Ариунчимэг, Сувд-Эрдэнэ, Лхам-Эрдэнэ, Золзаяа нар “Могой” үзүүлбэрээр хоёр тусгай шагнал хүртэж, олон улсын тэмцээнд оролцох урилга авав. Тус төвийн циркчид ийнхүү 20 дахь тэмцээндээ оролцон 20 гаруй алт, мөнгө, хүрэл цомын эзэн болж байгаа нь энэ.
Мөн “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн, олон улсын шүүгч Н.Эрдэнэ долдугаар сард Куба улсад болох олон улсын тэмцээнийг дэнслэх урилга гардан авлаа. Манай циркчид өнөөдөр эх орондоо ирлээ.