Бүх нийтээрээ үндэснийхээ уламжлалт дээл хувцсаар гангарах цаг айсуй. Үндэсний хувцасны загвар нэлээд баяжиж буй өнөө үед тухайн жилийн загварын чиг хандлагад үндэслэн гоёлоо сонгодог хүн цөөнгүй. Энэхүү сонголтод тань хөтөч болох үүднээс энэ жил ямар өнгө, материалтай дээл моодонд орж байгаа талаар үндэсний хувцас урладаг зарим салон, аж ахуйн нэгжийнхнээс тодрууллаа.
Хувцас урлаачид голдуу иргэдийн захиалгад үндэслэн тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлж буйгаа онцолсон юм.
ТОД ӨНГӨ
Ч.ОЛОННЭМЭХ (Дархан-Уул аймаг дахь “Үйл уран” салоны захирал):
-Дан дээл биш, хүрэмтэй хосоор нь захиалах нь түгээмэл байна. Мөн дээл, хүрмийнхээ аль нэгийг булгаар эмжүүлэх болсон. Өнгөний хувьд хөх, улаан зэрэг тод өнгө зонхилж буй.
Ялангуяа хантааз хийлгэхдээ аль болох чамин харагдах, тод өнгө сонгож байна. Дээлний хувьд энгийн монгол дээл сонирхох нь ихэссэн. Хүмүүс нэлээд өндөр үнэтэй торго сонгож дээл хийлгэж байна. Тэр хэрээр үнэ нь ч хямд бус.
ЭНГИЙН ЗАГВАР
О.АМАРТҮВШИН (“Шилмэл загвар” компанийн” дизайнер):
-Хүмүүсийн захиалж байгаагаас харахад элдэв гоёл чимэглэл ихтэй дээлнээс татгалзаж, энгийн загвартайг сонирхож байна. Материалын хувьд өөрөөсөө хээтэй, энгийн торго түлхүү авч ирэх болсон. Товч, шилбийг ч тод биш өнгөөр хийлгэж байна.
Хэрээстэй, энд тэндээ хээтэй дээлийг нэг хэсэг хүн бүр сонирхож байсан шүү дээ. Энгийн монгол дээл 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин загварлаг, хийхэд ажиллагаа ихтэй нь 1.2 сая төгрөгт хүрдэг. Манай дээлнүүд 400 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй.
БОСОО ЗАХ
Г.ДАМДИНДУЛАМ (“Монгол костюмс” төвийн музейн тайлбарлагч, судлаач):
-Энгийн даруухан загвар бүхий дээл моодонд орж байна. Хүннү захтай дээл сонирхох хүн цөөрч, босоо захтайг голдуу захиалах боллоо. Мөн хантааз, хүрэм нэлээд эрэлттэй байна. Манайх судалгаанд үндэслэж, үндэсний хувцас урладаг. Монгол дээлний загварыг эвдэхгүй, үндэсний уламжлалыг хадгалах бодлого барьдаг.
Эмэгтэй хүний дээл урлахдаа энэ жил XIII зууны үеийн хатан дээлний ханцуй, цээжний загварыг шингээж байна. Хүмүүс хөнгөн, чийг татахгүй, үрчийдэггүйгээс гадна шинэ, содон хээтэй торгоор дээл хийлгэх нь элбэг болжээ. Тиймээс манай төв энэ жил хэд хэдэн шинэ материал, тэр дундаа индонез батик, энэтхэг торго оруулж ирж дээл, цамц урлаж байна. Индонез батик чийг татахгүй, үрчийхгүй, хөнгөн гэдгээрээ онцлог.
Нэлээд түгээмэл харагддаг зоосон, өлзий биш, голдуу далайн ургамал бүхий хээтэй гэдгээрээ өвөрмөц юм. Манайх 40 орчим өнгийн батик оруулж ирсэн. Нэг өнгө, төрлөөр нь 2-3 дээл хийх хэмжээний материал л авдаг. Энэтхэг торго ч батиктай ойролцоо, хөнгөн, нимгэн, үрчийхгүй. Бас өнгөний ялгарал сайн. Улаан өнгө гэхэд 5-6 янз байх жишээтэй.
ХИЛЭН МАТЕРИАЛ
Х.БАТЗАЯА (“Mon couture” компанийн дизайнер):
-Нэг хэсэг моодонд ороод байсан хүннү захтай дээлнээс хүмүүс татгалзаж байгаа. Уг загвар зохисон хүндээ л гоё харагддаг. Энэ жил эрчүүд энгийн загвартай, эмэгтэйчүүд дэгжин хэрнээ хуучны монгол дээлээр гоёхыг илүүд үзэж байна. Жирийн монгол дээлний босоо, дөрвөлжин зах хэнд ч сайхан зохидог.
Манай компани үндэсний хэв шинжийг орчин үеийн загвар, өнгө, материалтай хослуулан, коллекцоо хийж байна. Цагаан сар, үндэсний их баяр наадмаас бусад үед хүмүүс дээл өмсөх нь ховор. Тиймээс нэг, хоёр удаа өмсөөд больдог биш өдөр тутам, аль ч улиралд өмсөх боломжтой дээл хийхийг зорьж, биед эвтэйхэн, угааж цэвэрлэхэд хялбар, хөдөлгөөнд саад учруулахгүй гэдгээр нь голдуу хилэн материал сонгодог.
Түүнчлэн торгыг аль болох бага ашиглаж байна. Торго нь хөдөлгөөнд саад учруулахаас гадна уян хатан биш. Ер нь манай компанид яг тийм материал ашиглана гэсэн тогтсон уламжлал байхгүй. Аль болох чанартай, эвтэйхэн даавуу л сонгодог. Өнгөрсөн оны есдүгээр сар, энэ жилийн хоёрдугаар сард шинэ коллекц гаргасан.
Дээрх коллекцууд материал, загварын хувьд үнэхээр шинэлэг болж чадсан. Тухайлбал, саяхан гаргасан загварууд энэ жилийн өнгийг тодорхойлсон цайвар цагаан, бор шаргал, саарал, мөнгөлөг байхаас гадна эмжээр, хөндлөн хуваалтаараа онцлог. Үнийн хувьд харьцангуй хямд буюу 280-700 мянган төгрөгт багтаж байна.