Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн авсан ижил сүргээ манлайлан шогшиж яваа шарга азарганы зургийг “The Telegraph” сонин онцолж, Их Британийн дуучин Элли Гоулдингтай адилхан хэмээн шуугисан билээ. Тэгвэл эл уран бүтээлийг “Киви” хамтлагийн дуучин Ука худалдан авчээ.
Тэрбээр өөрийн албан ёсны твиттер хаягтаа “Энэ шарга азарга их утга учиртай. Яагаад ч юм бэ татагдаад, гэртээ үргэлж харж байхын тулд ийм шийдэлтэй хийлгэж авлаа. Харах бүрт тал нутаг, өвлийн уур амьсгал, сүрэг морьдын төвөргөөн... Тал газарт оршдог бүхий л чимээ анир, үнэр тэр бүхнийг энэ зураг надад өгдөг” хэмээн зургийн хамт нийтэлжээ.
Энэ талаар зурагчин Ч.Батзаяагаас тодруулахад “Шарга азаргатай адуу” зургийг би 2015 оны нэгдүгээр сард, 40 градусын хүйтэнд авсан. Хэнтийн аймгийн Батноров сумын малчин О.Төмөрбаатар гэдэг хүний адууны зураг л даа. “”Шарга азаргатай адуу”-г “The Telegraph” сайт оны онцлох зургаар шалгаруулсны дараа поп дуучин Элли Гоулдинг өөрийн цахим хаягтаа нийтэлж, хүмүүс өөртэй нь адилхан гэж байгаад их баярлаж буйгаа илэрхийлсэн.
Энэ явдал дуучин Укад их бэлгэшээлтэй, сайхан санагдсан гэнэ лээ. Намайг өнгөрсөн сард үзэсгэлэнгээ гаргах үеэр шарга азарганы зургийг анх харсан. Хэд хоногийн өмнө Ука надтай холбогдон, хүүдээ зориулж зургийг маань худалдан авах санал тавьсан юм. Би татгалзаагүй ээ. Харин хэдэн төгрөгөөр худалдсанаа хэлээд яах вэ. Сайхан уран бүтээлчийн гарт очсон болохоор баяртай байна” гэлээ.