Сүүлийн үед Европ, Азийн орнуудын загварын ертөнц шинэ, содон төрхийг эрэлхийлэх болсон. Энэ манай загвар өмсөгчдөд нэгэн боломж болж буй юм. Гадны загварын тайзнаа "гялалзаж" буй загвар өмсөгчдийн буухиаг Б.Ялгуун үргэлжлүүлж байна. Тэрбээр нэг жилийн өмнөөс Сингапурт улсад загвар өмсөж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд Япон, Тайланд, Индонез, Хонконгийн загварын шоунуудад амжилттай оролцсоноос гадна Сингапур улсан болсон "Chanel" брэндийн загварын шоунд оролцжээ. Түүнчлэн Индонезийн "Elle", "Harpers Bazaar", "Cosmopolitan" зэрэг сэтгүүлд зургаа авахуулж амжсан байна. Тэгвэл тэрбээр тун удахгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий “IMG models” агентлагтай гэрээ хийх гэж буй гэнэ. Эл агентлагтай гэрээ байгуулснаар тэрбээр алдарт загвар өмсөгч Кейт Мосс, Жижи Хадид, Миранда Керр зэрэг тус агентлагийн загвар өмсөгчидтэй мөр зэрэгцэн алхах юм. Сонирхуулахад, хамгийн сүүлд тэрбээр Италийн “Marco de Vincenzo” брэндийн 2017 онд гаргах цуглуулгын танилцуулгад зургаа авахуулжээ. Уг танилцуулгын зураг өчигдөр Vogue сэтгүүлийн вебсайтад нийтлэгджээ.