“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дараагийн уран бүтээл “Миний нууц”. Тэд дэлгэцийн тав дахь уран бүтээлийнхээ нээлтийг ирэх гуравдугаар сарын 2-нд хийх аж. Тус продакшны өмнөх дөрвөн уран бүтээлийн найруулагч, продюсераар Гавьяат жүжигчин У.Уранчимэг ажилласан бол энэ удаа "Go" студийн найруулагч Д.Галбаяр уригдан ажиллажээ. Үзэгчид түүнийг "Намрын синдром", "Тагнуулч аав", "Шуугиан таригч" зэрэг бүтээлүүдээр нь эчнээ мэдэх юм. Ирэх хавар үзэгчдэд хүрэх энэхүү “Миний нууц” киноны гол дүрд жүжигчин У.Уранчимэг, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Т.Хулан, залуу жүжигчин Б.Билгүүн, О.Мөнхдалай нар тогложээ.