“Лантуун дохио” ТББ, “Тусгал” гэрэл зургийн студи хамтран “Зэрэгцээ ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр “UB art gallery”-д дэлгэлээ. Эл үзэсгэлэн өнөөгийн нийгэмд эдийн засаг, уул уурхай, улс төрөөс илүү хүүхдийн эрхийн асуудал хамгийн ихээр тулгамдсан хэвээр гэдгийг үзэгчдэд сануулах зорилготой аж.
Үзэсгэлэн хоёр хэсгээс бүрджээ. Эхний хэсэгт дан хар зургуудийг дэлгэсэн байна. Хүйтэн хонгилд гуйлга гуйн суух жаалууд, гэр хорооллын харанхуй гудамжаар алхах бяцхан охин, хогийн цэгт ажиллах хүүхдүүд, хотын захын гэр хорооллын зутруухан амьдрал, гэртээ харах хүнгүй цоожлуулсан хүүгийн цонхны цаанаас хэнэггүйхэн инээмсэглэх зураг харагдана. Харин хоёрдахь хэсэгт хүүхдийн баяр хөөрийг харуулсан өнгөт зургуудыг байрлуулжээ. Хүүхдийн гэнэн томоогүй харц, хөдөлгөөн бүр нь хайр хүргэм. Өвлийн өвгөнөөс бэлэг авсан жаалын инээмсэглэл, ээжтэйгээ ус зөөж буй тусч хүү, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гээд олон сайхан зураг энд багтжээ.
Хүүхдийн амьдралын эсрэг тэсрэг өнгийг 38 бүтээлээр өгүүлэх “Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх аж. Дашрамд дурдахад, “Лантуун дохио” ТББ-аас “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийг санаачилж, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны зүүн салааны гуравдугаар хороонд хүүхдэд зориулсан цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байгаа аж.